“Сүнжидмаа”, “Алгирмаа”, “Нуун заяа”, “Үлэмжийн чанар”, “Хоёр сэтгэл” зэрэг ардын дуугаараа олноо танигдаж уран бүтээлээ туурвиж яваа бүсгүй бол Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэн.


Ардын дуу, уртын дууны өв соёлыг тээж, домог хуучийг нь судалж, сонсогч түмэндээ хүргэдгээрээ тэр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Нэгэн ярилцлагандаа “Хөдөөгийн хээр талд, монгол ахуйг мэдэрч өссөн болохоор түүнийгээ би өөрөөсөө байнга нэхдэг. Иймээс би уртын дуу дуулдаг” хэмээн өгүүлж байсан тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат.
Дөрвөн охинтой айлын отгон нь ч гэлээ түүнд эрх танхил зан чанараас илүүтэй ажилласаг, хөдөлмөрч, аливаа зүйлд нямбай няхуур ханддаг зан чанар нь давамгай байдгыг ойр дотныхон нь хэлдэг.


Ташрамд дуулгахад, ардын болон уртын дууг өөрийн тослог, торгон хоолойдоо тохируулан дуулж яваа Б.Батцэцэглэн ханийг Г.Наранбат гэдэг.

Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч мэргэжилтэй. Мөн улсын мэргэн харваач. Анх СУИС-ийн оюутан байхдаа танилцсан хосууд өдгөө хүү, охин хоёрын аав ээж юм байна.