Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Эрүүгийн хуулийн

“19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал дөрвөн өдөр хуралдаж дөнгөж сая шийдвэрээ танилцуулав. Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийтгэх тогтоолоо танилцуулж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа