Үер болов. Дөрвөн хүний амь хохиров. 1000 шахам айл орон гэргүй, унаа тэрэггүй болов. Тэгэхнээ улай үзсэн элээ болж АН эргэж гэнэ ээ. Зовлого үзсэн хэрээ болж МАН дахиад дээгүүр нь эргэлдлээ. Зоолсон мээр Сумка зовлон хагацлын дундуур байрны түлхүүр бариад балиашиглаад давхиад орчихлоо. Тэднийг бараадан хэл амаа уралдуулсан шаазгайнууд шагширав. Гэсэн атлаа би элээ биш, хэрээ бүр ч биш, шаазгай бүүүр ч биш гээд бүгдээрээ одоо гар нүүрээ угааж байгаад ганган дээрээ тавьж байна. Сумкаг огцор гэлээ хэмээн АН-ынхныг сошиалаар солиортол нь гөвөв. Зовлонг хамтдаа даван туулъя, нэгдмэл байя гээд зарим нь харсаар байтал уйлав, уянгалав. Хариуцлага энд хамаагүй гэнэ ээ. Хөөрхий Сумкаг аврах ажиллагаа ингээд уянгын драм, хошин шогийн хоолой шахсан уйлаан майлаан болчихож байгаа юм. Сумкагаа л матар царайлж байгаад магтана биз дээ, суганд нь АН-ыг амьсгаагаа авах аргагүй болтол хавчуулж байгаад булчингаа булдруу болтол чангалдаг юм даа. Элээ, хэрээ, шаазгай гурвын үлгэр Сумка албан өрөөндөө амсхийж, АН-ынхан Баянзүрхийн 21, 27 дугаар хороонд ажилласнаар үргэлжилж байна. Үнэн хэрэгтээ бол Бат-Үүлийн ажилласан дөрвөн жилийг хасаад, нийслэлийг 28 жилийн турш самарсан эрх баригчдын хөглөрүүлсэн хогийн савыг тэр залуус цэвэрлэж байна. Сумка сугаа тас хавчиж, хэвлэлийн албаныхаа ард нуугдаж байгаад хорооны дарга нарт хариуцлага тооцно гээд тарвага шиг ганц цухуйж тачигначихаад алга боллоо. Хүүе хорооны дарга газар олгож, төсөв баталдаг гэнэ ээ, гөлөг төөрүүлж байгаа юм шиг л учир мэдэхгүй олонд удирдагчийн дүрээр харагдах гэж өөрөө онигоонд орохоо шахлаа. Гурван жил гурван ч алхам урагшлаагүй байтлаа одоо гэнэт л хөгжүүлнэ гэнэ, хөтөлнө гэнэ дээ. За тэгээд одоо хар даа, хэн нь элээ, хэн нь хэрээ, хэн нь шаазгай вэ? Хэн нь зовлогоор хооллож, зовлонгоор рейтингээ өөд татаж, өндөр албан тушаалдаа өчүүхэн биеэ ивж үлдэв? Сумкаг огцор гэсэн ардчиллынхан элээ юм бол, тэднийг үерт хохирогчдын сэтгэлзүй дээр огтолж хэрчиж тасчиж байгаа эрх баригчид өөрсдөө хэрээ, түүнийг нь туйлшруулан уран донгодож байгаа мэдээлэгчид шаазгай болчихож байгаа юм. За яадаг ч байсан мөн чанартайгаа л үлдэнэ шүү, нэгийг аварч хаацайлах гээд нөгөөг дэвслэхгүй эээ. Нөгөө гөвүүлдэг ардчиллын залуус нь эмгэнэлийн 1000 зул өргөөд, хандивын хоол хүнс, эд зүйлс цуглуулаад тараачихаж байгаа юм. Сумкагийн хэвлэлийн алба 1.0 тэрбум төгрөгийн төсөвтэй, түүнийгээ тараахад л түймэр эргэдэг юм байна. Бас нэг юмыг хэлэхээс аргагүй нь ээ. АН-ыг дуугарахгүй болохоор дуугүй чимээгүй суулаа гэж гөвнө. Дуугарахаар дуугарлаа, донгодлоо гэж бас гөвнө. Яг яавал таарахыг мэдэхгүй. Энэ улс оронд АН-аас өөр гөвөх, буланд шахах, зодох бэлтрэг ч болохноо алга уу? Тэр АН ямар мешок юм уу? Ардчилал, залуу үе хоёроо зод оо, зод, мешок болгоод нүд. Сумкаг хамгаалж авч үлдэхийн тулд нусыг нь сугартал алгад, эрх баригчдыг өмгөөлөхийн тулд өшиглө, гэхдээ юу гээч, муухай харагдаж байна, муухай үнэртэж байна, муухай туйлширч байна. Үзэл санааны үзэшгүй муухай үер буусан мэт, буухдаа буланд торлож хашсан гөлгөө бултаараа нийлээд зодчихсон мэт, урсгаж аваачаад уулын жалганд булчихсан мэт уйтай санагдаад байна. Ер нь бол татвар төлөгчдийн мөнгийг сайн цутгажээ, PR чинь цөмөрчихлөө, бүх бичээч ардчиллынхан руу нэгэн зэрэг нэр нүүрээ мартан дайрлаа, мөнгө өгсөн, авсан улс нь цаашдаа бодно биз. Нэртэйгээр нь Сумка Аса хоёр Улсын циркийг залгиж байгаа нь зөв гээд бичээч. Гавъяа ч байхгүй, ганзага ч байхгүй, гайг нь газар даашгүй Сумкаг өөд татах гэж хөлд нь бүхэл бүтэн нам дэвсэж өглөө, сонгуулиар эрх баригч намдаа эх орноо өшиглөөд өгөх үү, элэг зүрхээ сугалаад барих уу?

Р.Эмүжин