Монголын Үндэсний Худалдаа аж үйдвэрийн танхимын их хурал 2019 оны 2 дугаар сард болж О.Амартүвшин  Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тухайн үед тус танхимын санхүүгийн  жилийн эцсийн тайлангаар  дансанд нь 7.5 тэрбум төгрөг  байсан  байна. Энэ хөрөнгө мөнгийг  шинэ ерөнхийлөгч болох О.Амартүвшинд хүлээлгэн өгчээ.

Тэрээр дөрвөн жил энэ танхимын ерөнхийлөгчөөр ажиллахдаа санхүүгийн тайлан мэдээллийг  гишүүддээ  өгдөггүй. Тойм төдий мэдээлэл өгөөд  орхидог байсан гэнэ.  Тус танхимын ээлжит их хурал болох гэж байгаатай холбогдуулан гишүүд дээрх хөрөнгийн зарцуулалт болон  төсөв, хөрөнгийн тайлангаа тавихыг  О.Амартүвшингийн багийнханаас шаардах болсон байна.  Учир нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрээр гадаадын олон экспо, арга хэмжээний урилга заллаганд гишүүд явдаг байсан. Гэтэл  Арабын Дубай хотоос  100 бизнесийн нөхдийг даах ёстой арга хэмжээнд  Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан ах дүү, хамаатан садан, гэр бүлээ үнэ төлбөргүй зардалд багтаан авч явсан байна. Энэ мэт  тус танхимд аудит хийх, санхүүгийн тайлан мэдээллийг нягтлахыг гишүүд нь шаардах болжээ. Ялангуяа орон нутгийн гишүүн байгууллагуудаа хотоос өөр газар болох арга хэмжээнд огт оролцуулдаггүй тухай гомдоллож байна.