Төрийн яаманд болсон архидалтын улмаас хүн амины хэрэг гарсны дараа сахилга хариуцлагыг чангатгаж, архидалтыг хязгаарлахаар Засгийн газрын тэргүүн нь үүрэг чиглэл өгч байсныг иргэд санаж буй. Гэвч түүнээс хойш төрийн байгууллагын байранд архидах явдал гарсаар. Хамгийн сүүлд төрийн өмчийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Зам, тээврийн сайд С.Бямбацогтын томилуулсан хүмүүс хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй албан тушаалтнуудыг тухайн бичлэг цацагдсан даруйд ажлаас нь халав.

Бичлэгт гарч буй үйл явдал 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний шөнө болсон бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа, удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Захиргааны хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар ажлын цаг дууссанаас хойш шөнө дунд байгууллагынхаа хонгилоор холхиж, нэг нь дотуур өмд, майктайгаа явж байсан юм.

Тэгвэл төрийн анхан шатны нэгжийн байранд ч хорооны ажилтнууд архи, согтууруулах ундаа хэрэглэдгээс гадна ажлын цагаар хийх хумс засагч (маникюрчин) дуудаж, хорооныхоо ажилтнуудын дэргэд үйлчлүүлээд сууж байгаа тохиолдол ч байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 27 дугаар хорооны Ажлын албаны дарга Х.Жавзандулам тэргүүтэй хүмүүс ажлынхаа байранд согтууруулах ундаа хэрэглэж байж.

Төрийн анхан, дунд шатныхан авлигач, хүнд сурталтай хэмээн иргэд бухимддаг. Ажлын цагаараа, ажлын байрандаа хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэхийн оронд архидалт зохион байгуулж, хумсаа засуулан иргэддээ үйлчлэхгүй болохоор ийн дүгнэх нь арга ч үгүй биз.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн байдаг. Түүнд “Нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.

Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” хэмээн 2022 оны дөрөвдүгээр сард зарлигдсан. Харин хэрэгжилт нь хангалттай байна уу, Засгийн газар тайлангаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Баянгол дүүргийн 27 дугаар хорооны Ажлын албаны дарга Х.Жавзандулам тэргүүтэй хүмүүсийн архидсан үйл явдал 2023 оны гуравдугаар сард болсон бололтой. Өөрөөр хэлбэл, зарлигийн хэрэгжилтийн явцын талаар тайлан гаргах эхний жилийн хугацаа дөхсөн үед ийм үйл явдал болсныг зургууд нь гэрчилж байна.

Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийнхэн ажлын байрандаа архидсан явдалд тэр даруй хариуцлага тооцчихож байна. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлага буюу Баянгол дүүргийн Засаг дарга нь архидалт зохион байгуулсан, ажлын байраа хумс засах газар болгосон анхан шатны нэгжийнхэндээ хариуцлага тооцож чадах болов уу.