“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжсан байна. Арилжаанд дөрвөн худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 132 ам.доллароос эхлэн дуудаж, 151 ам.долларт хэлцэл хийгджээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 58 удаагийн арилжаагаар 979.2 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,840 мянган тонн нүүрсийг биржээр дамжуулан арилжаалжээ.

Нүүрсийг биржээр арилжсанаар 397 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаад байгаа юм. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт аж.

Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлөөд байгаа юм.