Баянзүрх дүүрэг 2024 оныг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлана

Баянзүрх дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүүхдийг дэмжих жил 2024” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн удирдлагууд, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, хүүхдүүд оролцож санал солилцлоо.

2023 оны байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1191 дуудлага ирсэн ба өмнөх жилийнхээс 28% өссөн үзүүлэлттэй байна. Мөн өсвөр насны 10-18 насны 110 охин жирэмсэлжээ. Түүнчлэн бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд хамгийн их буюу 68.04% нь өөрийн гэрт хүчирхийлүүлжээ.

Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх нэгдсэн программ хангамжтай болох, эрүүл мэндийн гурван талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойр орчимд хяналтын камер болон спорт тоглоомын талбайг нэмэгдүүлэн сайжруулах, болзошгүй байдлаас сэргийлэх сургалт аргазүйн төвийг байгуулах, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийн талаарх боловсрол олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болж 2024 оны дүүргийн төсөвт суулгахаар боллоо.

Дээр дурдсан 2024 оныг Хүүхдийн төлөө, хүүхдийг дэмжих жил болгох саналыг дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.