Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, тус компанид удирдах албан тушаал хашиж байсан хоёр ч хүний үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлэх саналаа мөрдөгч нар илэрхийлж НПГ-т хүргүүлээд буй юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой холбоотой нэг үйлдлийг мөрдөгчид шалгаж дууссан аж. Тэрбээр коксжих нүүрс худалдан борлуулахдаа аж ахуйн нэгжийн удирдлагаас тонн тутамд нэг ам.долларын “урамшуулал” авна хэмээн хясан боогдуулж, бусдаар дамжуулж багагүй хэмжээний мөнгө авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.

Д.Ариунболдын хувьд дээрх компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2016 оны есдүгээр сарын 02-нд гүйцэтгэх захирлаар томилогдож, 2018 оны дөрөвдүгээр сарын 04-нд чөлөөлөгдсөн байдаг. Улмаар 2020 оны тавдугаар сарын 4-нд хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэлсэн билээ. “Нүүрсний” гэх хэргийн дуулиан дэгдсэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнийг дахин цагдан хорьж шалгасан бөгөөд энэ үедээ БНХАУ-ын “Urat middle banner tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia rong he energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож, 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан. Улмаар Эрүүгийн хуулийн 22.4-4-т заасан нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан үндэслэлээр Д.Ариунболдыг яллагдагчаар татсан юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн. Эдгээр хэргийн дотор дээрх Д.Ариунболд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Сургалтын албаны дарга А.Дөлгөөний үйлдэл багтсан байна. А.Дөлгөөний хувьд нэгэн иргэнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д жолоочоор ажилд оруулахын тулд 4.5 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан аж.