Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр (2024.05.27) Ардчилсан намын бүлэг хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд мэдээлэл хийж байна.
АН-ын дарга Л.Гантөмөр:
Ардчилсан нам УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуульд ороход бэлэн. Дүрэм журмын дагуу сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлээ хийж, тавдугаар сарны 20-ны орой нэрсийг зарласан байгаа. 2016, 2020 онд АН ялагдаж, дүнгэнэ данган бүлгийн хэмжээнд очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН ялагдал хүлээсэн. Энэ удаагийн сонгууль Монголын Ардчилал байх эсэхийг шийдэх сонгууль.
Бид ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзээд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшүүлж байна.
Монголд үйлдвэрлэл бий болохгүй бол хөгжихгүй гэдэг утгаар инженерүүдийг нэр дэвшүүлж байна. “Хэлмэгдсэн” Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Тиймээс түүнийг нэр дэвшүүлж байна.
Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр хүнийг нэр дэвшүүлээч гэсэн хүлээлттэй байна. Энэ хүлээлтэд нь хариулахын тулд хуучин улстөрчдөө ихэнхийг нь хойш суулгасан. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүн. УИХ-ын түвшинд ажиллаж байсан хүн 20 хүрэхгүй, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан хүн найм хүрэхгүй байна” хэмээн хэллээ.