“АМЬДРААД Л БУЦНА, ГЭХДЭЭ ӨӨРИЙНХӨӨРӨӨ”
/Энэ номыг 21 жил намайг чилийтэл хүлээлгэж 40 насны босгон дээр минь мэндэлсэн энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй Амуулайдаа зориулав/
Гэнэт сайхан бичмээр санагдаад… Одоо би олон хүний сэтгэлийн хүчээр амьдрах өдөр хоногуудаа жил жилээр, бүр болж өгвөл хэдэн арван жилээр сунгахсан гээд зүтгэж байна. Амьдралд шунасандаа биш, өмнөх туулсан амьдрал, нас минь чамлагдсандаа биш, долоохон настай нэг хөөрхөөн охинтой ахиад дор хаяж 15 жил хамтдаа аз жаргалтай байхсан, тэр хөөрхөн ертөнцийг энэ дэлхийд тосож авсан ижий гэдэг хүний үүргээ биелүүлж хүмүүний амьдралд хөл алдахааргүй чиглүүлж өгөхсөн, түших ханьтай, хөтлөх үртэй болтол нь хамгийн дотны туслагч нь байхсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн найз нөхдийнхөө, сэтгэл зөөлөн хүмүүсийн тус дэмийг ил тодоор авахыг зөвшөөрсөн явдал бол миний бичих зүйлийн эхлэл нь юм. “Үрт хүн үхдэггүй” гэж энэ ажээ. Хүүгээ, охиноо, үрээ сургуульд ортол, дээд сургууль төгстөл, хүнтэй сууж хүүхэдтэй болтол хамт байхсан гэж бүгд боддог аж. Гэхдээ энэ бодол бол зүгээр л хамт байх тухай бодол огт биш. Энэ бол үрийнхээ дэргэд маш сайнаараа, хамгийн сайхнаараа хэдэн жил байх тухай бодол юм. Бие муутай ээж нь тэр хөөрхөн ертөнцийг гуниглуулж, сэтгэлийг нь чилээж зовоож биш, нүдэнд нь гэрэл цацруулж, энэ амьдралын сайхныг мэдрүүлж, амьдарч буй бүхий л цаг мөчдөө үргэлж сайхан харагдаж байх учиртай. Би ингэж боддог мянга мянган эгэл ээжийн л нэг билээ.
Хүмүүсийн “алагхан” гэж хэлдэг энэ дэлхийд ирж амьдрахдаа би мөн л бусдын адил өөрийн үзэх тавилан, туулах зүйлийг цагийн урсгалаар үзэж өнгөрүүлж явсаар өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн бүхэн буцдаггүй болохоор түүнээс зөвхөн бодол дурсамж л үлддэг аж. Өнгөрснөө тэмдэглэх хүсэл төртөл минь намайг хөтөлсөн хүмүүс бол миний эргэн тойронд надад амьдрал бэлэглэхээр зүтгэж буй сайхан нөхөд, сайхан сэтгэлтнүүд юм. Та бүхэн ингэж хөдөлж байхад би өөрийнхөө гүн рүү улам орж үзэж байна. Би хэн бэ? Юусан билээ. Ийм их сэтгэлийг хүртэх эрхтэй амьдарч чадсансан билүү? Энэ асуулт надад олон дурсамжийг сэдрээсэн юм. Бас олон сайхан хүмүүс намайг зорьж, уулзахаар эмнэлгийн хаалгаар орж ирэх тоолондоо өөр өөрсдийн надтай холбоотой дурсамжийг “хөтлөн” ирж тэр тоолонд би сурагч, оюутан байсан гээд л тэртээх өдрүүдэд очиж байлаа.
Тэгэж дурсамжаа хөтлөн намайг зүглэсэн хүмүүсийн нэг нь Гандулам дүү минь. Бид хоёр хоёулаа Гаваагийн Батхүү хэмээх эгэлгүй эрхэм хүмүүний дэргэд ажиллаж, тэр хүний “үнэгүй” өвлүүлсэн үнэт зан чанарын хэлтэрхийнүүдийг өөр өөрийн “савны” хэмжээгээр шингээж үлдсэнээ мэдэрч байв. Тийм л хоёр бүсгүй эмнэлгийн жижигхэн өрөөнд нэг уйлж нэг инээж, хоёр биенийхээ яриаг таслахгүйсэн гэхдээ чимээгүйхэн алгаараа нулимсыг нь арчингаа үгий нь сонсож суусан тэр цаг хугацаа ай, яасан сайхан байв аа. Үүнээс би хүмүүс бие биетэйгээ сэтгэлийн гүн дэх таатай болон таагүй бүхий л дурсамжуудаа уудлан хуваалцаж байх учиртай аж гэдгийг, тэгэж суух орчин, нэг тийм тохиромжтой зогсосхийсэн цаг хугацааг бие биедээ гаргаж баймаар юм байна даа гэх бодол өвөрлөсөн. Тэгэж байж сэтгэл гэдэг эрхтэн дааж давшгүй эсэн бусын дурсамж тээсэн ачаанаасаа хөнгөрч цааш алхах тэнхэлтэй болдог санагдсан билээ.
Зүйрлэвэл, яг л хүнд чулуу үүрээд холоос харагдах ууланд очно гэж бодохын ч хэрэггүйтэй адил сэтгэлийн элдэв ачаагаа суллахгүйгээр дараагийн гэгээтэй сайхан бүхэн рүү цоглог хүрэх, сайхан бүхнийг хүртэж амьдрах магадлал бага санагдсан. Үүний учир би бичиж сууна. Бичсэн бүхэн минь төрөл бүрийн тохиол, түүнтэй холбоотой дурсамжийн хэлхээс байх боловч уншсан хэн хүнд над шиг зүйлтэй тулгарвал тойроод гарах боломж, тайван туулах итгэл, амьдралын үнэнтэй эвлэрэх, түүнд өөрөө хэрхэн байгаагаараа, өөрийн өнгөө алдахгүйгээр оршин тогтнох гээд байж болох гарц гаргалгааг дуслаар ч болов үлдээсэн байгаасай гэж хүснэ. Хүн заавал элдэв зүйлийг өөрийн биеэр туучих албагүй түүнийг бусдын жишээн дээрээс харж мэдрээд тойрч сэргийлж өнгөрөх бүрэн боломжтой билээ. Иймийн учир өөрийн амьдралын дурсамжуудаасаа түүвэрлэн уран сайхнаар чимэлгүй бичиж эхэллээ.
Бусдын нүдээр харахад эгэл жирийн ч гэлээ минийхээр бол ер бусын, гайхамшгаар дүүрэн миний амьдрал минь. Би энэ дэлхийд амьдраад л буцна, гэхдээ өөрийнхөөрөө, сэтгэл тэнүүн, санаан зоргоороо.
Ж.Жаргалсайхан 2019.09.20