Үндэсний их баяр наадам болоход дөрөв хоног үлдэж, наадамчин олон хоног тоолон хүлээж байна. Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэн үед наадам зохион байгуулагдах тул хурдан морь уралдах үед унаач хүүхдүүд амны хаалт хэрэглэх эсэх нь олны анхаарлыг татаад байна.

Энэ асуудлыг бид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад “Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой” гэлээ.

Тодруулбал, хурдан морийг шүдлэх, бүртгэх үед унаач хүүхэд амны хаалт зүүсэн байх шаардлага тавьж буй аж.

Мөн Covid-19 цар тахлаас сэргийлж гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс унаач хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүй. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй гэв.