Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэгтэй ярилцлаа.

Юуны түрүүнд Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бямбаагийн Отгонцэцэг гэдэг. Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны даргаар ажилладаг. Малын их эмч мэргэжилтэй. Төрийн албанд 26 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын системдээ буюу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 17 жил байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байна.


Хилийн мэргэжлийн хяналт нь бусад хяналт шалгалтаас юугаараа ялгаатай вэ?

-Хил гэдэг бол аливаа улсын онцгой объект байдаг. Тэр ч утгаараа хилийн мэргэжлийн хяналт нь улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байдаг алба. Агаарын хил гэдэг бол цаг минутаар хэмжигдэж ажилладаг онцгой салбар л даа.
-Дэлхий даяар тархаад байгаа Ковид -19 цар тахлын энэ хэцүү үед та бүхэн хамгийн эрсдэлтэй цэг дээр ажиллаж, улс орондоо энэхүү халдварыг тараахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Та энэ талаар дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу?

-Тийм ээ. Манай ХМХА нь энэ эрсдэлтэй хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг. Одоогийн байдлаар иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, өвчний сэжигтэй зорчигчийг илрүүлэх, шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Нислэгт эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч нар явж, нислэгийн турш тандалт хийдэг. Онгоц Улаанбаатарт буухад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу улаан, шар, ногоон бүс татагдан, талбайд эрүүл ахуйч эмч мэргэжилтэй 10-12 улсын байцаагч, ариутгагч ажилладаг. Нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт хийж, ангилан ялгаж ХӨСҮТ-д /өвчний сэжигтэй болон шинж тэмдэгтэй/, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт /эрүүл мэндийн шалтгаантай / болон ажиглалт, тусгаарлалтын байр руу хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Анх энэ цар тахал эхэлж байх үед танай байгууллага хэр бэлтгэлтэй байсан бэ?

-Бид Монгол Улсын агаарын хил дээр хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажилладаг. Мөн ДЭМБ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж, бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг жилд 1 удаа, ширээний дасгал сургуулилтыг жилд 2 удаа зохион байгуулж бэлэн байдлаа тогтмол хангадаг. Дашрамд хэлэхэд Монгол Улс Олон улсын агаарын тээврийн байгууллага /IKAO/-д 1989 онд гишүүнээр элссэн. Тиймээс IKAO байгууллагын шаардлагын дагуу аливаа ОУНБ нь нэлээд хэдэн төрлийн аюул эрсдэлийг тооцоолсон бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдаг. Эдгээрийн нэг чухал нь “Хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал” буюу бидний нэрлэж заншсанаар КОД-9 бэлэн байдлын төлөвлөгөө юм.

Онгоцонд ажиллахад хир хүндрэл гардаг вэ. Зорчигчийн харилцаа хандлага ямар байна?

-Томилолтоор ажилласан улсын байцаагч онгоц газардахад бүх мэдээллийг өгч, илтгэх хуудас бичдэг. Ер нь бол монголчууд маань их л бухимдалтай байх шиг байна. Эрүүл мэнд, амь насаа хамгаалах талын мэдлэг сул, тэсвэр тэвчээр муутай, омголон зан гаргах тохиолдол гарч байсныг дурдах ёстой болов уу.

Халдвар эрсдэлээс хамгаалах, эмнэлгийн хэрэгслийн нөөц бололцоо хангамж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Нислэгийн явцад болон халдвар хамгааллын бүсүүдэд ажиллаж байгаа улсын байцаагчид нэг удаагийн хамгаалах бүрэн хувцастай ажилладаг. Одоогийн байдлаар МХЕГ-аас хангалтыг өгч байгаа хэдий ч энэхүү цар тахал цаашдаа хэр удаан үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор хамгаалах хувцас, хэрэгслийн хангалтанд хүндрэл гарах хандлага байгаа.

Энэ хүнд хэцүү үед хил дээр ажиллаж байгаа байцаагч, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарч байгаа болов уу?

– Улсын онцгой комиссоос нэг удаагийн мөнгөн тусламж өгсөн. Төр засгаас төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд 17 улсын байцаагч хамрагдсан. Мэдээж хяналтын 7 чиглэлийн 95 улсын байцаагч, 8 ариутгагч, 20 гаруй захиргааны ажилтан, албан хаагчидтай манай байгууллагын хувьд цөөхөн л тоо.
Албаны даргын хувьд санхүүгийн боломж олгодог бол хүнд хэцүү, эрсдэлтэй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж яваа байцаагч нартаа илүү цагийн мөнгө олгомоор л байх юм.

Та түрүүн тусгай үүргийн нислэгт байцаагч нар явдаг талаар ярьсан. Удаан цагаар битүү хувцастай ажил үүргээ гүйцэтгэдэг талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Манай эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар маань тусгай үүргийн нислэгт зорчигчийн эрүүл мэндийн тандалт хийж явахдаа олон цагаар битүү хувцастай, агаарын өндөр даралтад ажил үүргээ гүйцэтгэдэг. Жишээ нь: Сиатл-Улаанбаатарын чиглэлд 11, Сидней-Улаанбаатар чиглэлд 13, Франкфурт-Улаанбаатар 8.4 гэх мэт, ер нь хамгийн ойрын нислэг Сөүл-Улаанбаатар чиглэлд 3.5 цаг нисэж ирнэ шүү дээ. Энэ хугацаанд балга ус ч уухгүй, ариун цэврийн өрөөнд ч орохгүйгээр явж ирдэг.


-Сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.