Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас системийн хэмжээнд шуурхай цахим хурлыг зарлан хуралдуулж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тусгайлсан чиг үүргийн дагуу ажиллах, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабуудыг идэвхжүүлэх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоож коронавируст халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авах зэрэг үүрэг чиглэл өгөв. Түүнчлэн бусад мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, хийгдэж буй ариутгал халдваргүйтгэлийн чанар гүйцэтгэлд анхаарах, хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, албад тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 308 улсын байцаагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт эргүүл хяналт хийж зөвлөмж сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын цагийн зохицуулалт болон согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх чиглэлээр 7400 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжид цахимаар холбогдон үүрэг өгчээ.