Хэн нэгний төлөө тус хүргэх нь танд хэцүү юу? Хэнд юугаар тусалж байгаагаас шалтгаална гэж та бодох байх.

Мэдээж бид сайхан сэтгэлээр хэн хэндээ тусалж болно. Харин юу гээч … таныг ямар хэмжээний золиос гаргаж, түүнд тусалж байгааг нөгөө хүн ухамсарлах ёстой. Эс тэгвээс бид өөрсдийгөө “үнэгүй”-дүүлэх болно.

 

Чухам тиймээс л таны найз, танилууд чинь “Чамд бол юу байхав дээ…” гэж хэлдэг. Бид хэн нэгний хариуцлагын ачааг хөнгөлөх гэж, өгөгдлийг нь шийдвэрлэх, үүссэн нөхцөлд байдалд хялбар гарц нээх гэж эрхэм дотно хүмүүстээ тусалдаг билээ. Харин үүнийхээ хариуд “Зүгээр дээ…”, “Юу ч биш ..” гэж хэлдэг. Ингэснээр таны тусламж ч, та ч үнэ цэнгүй болж хувирдаг.
Яагаад хэцүү, төвөгтэй байсныг та түүнд эвтэйхэн ойлгуулж болохгүй гэж. Бид бусдад юугаар тус хүргэх хэрэгтэй болсон байдаг вэ? Яагаад бидний тусламж хэн нэгэнд хэрэгтэй байна вэ? Бид өөрийн амьдралын цаг хугацаа, мөнгө хөрөнгө, нөөц боломж, мэргэжлийн ур чадвар, танилын хүрээ гээд бүхий л боломжоороо тусалдаг. Тэгээд “Зүгээр дээ…” гэснийхээ хариуд танаас зээлсэн мөнгөө төлөхгүй байх, таны тусыг хүртсэн ч чимээгүйхэн холдох нэгнийг үдэх мэдрэмжийг өөртөө авдаг.

Аливаа харилцаа үр дүнгийн хариуцлагатай байх ёстой. Та хүсэхгүй зүйлээсээ татгалзах эрхтэй гэдгээ битгий мартаарай. Танаас тусламж авсан нэгэнд та түүний төлөө өөрийгөө хэрхэн золиосолж, ямар хэмжээний хариуцлагыг өөртөө хүлээж, яаж нүүрээ “улалзуулснаа” эелдэгээр ойлгуулах ёстой. Чухам та өөрийгөө, өөрийн тусын үнэ цэнийг ойлгуулаагүй учраас л өөрийгөө “үнэгүй”-дүүлж байгаа юм. Үнэндээ хэн нэгэнд мөнгөөр туслана гэдэг бол хамгийн наад захын бөгөөд энгийн тусламж. Харин бүх амьдралаа үнэгүйдүүлсэн тусламж ямар хариу хүртэх вэ?

Антон Павлович Чехов. Бидний хайртай зохиолч төдийгүй дэлхийн олон сая уншигчдын хайртай зохиолч. Тэрээр идэр нссандаа хүндээр өвдсөн юм. Түүнийг эгч нь байнга асарч тойлдог байлаа. Хайртай залуутайгаа гэрлээд явчихвал хөөрхий дүү нь өвчинтэйгээ хоёулаа үлдэх гээд байдаг. Гэрлэлтийнхээ талаар дүүтэйгээ зөвлөхөд Антон хариуд нь юу ч хэлээгүй гэдэг. Мэдээж тэр ч бас өөрийгөө ямар нөхцөлд үлдэхээ ойлгож байсан. Ингээд эгч нь өөрийн амьдрлаас татгалзаж, дүүгээ сахиж үлдсэн. Удаан хугацаанд өвдсөний дараа Антон Павлович эдгэрч, хайр дурлалтайгаа учран гэрлэж, өөрийнхөө эрхээр амьдралыг амталсан. Харин эгч нь өөртөө үлдсэн амьдрлаа ганцаар туулсан юм.

Тусламж сайхан сэтгэлийнх байх тусмаа үнэ цэнтэй, утга учиртай оршдог зүйл. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулж, хүнд сонголт тулгаж, тусламж авсан этгээд ч бас энэ бүхнийхээ хариуд түүнд юу өгч чадах вэ? гэдгээ өөрөөсөө асуух учиртай. Ингэснээр хариуцлагатай харилцааг бий болгож, дотны найз нөхөд ч хүндлэл, итгэлийн хил хязгаарыг давахгүй байх сайн харилцааны нөхцөлийг бий болгоно гэдгийг та бүхэндээ сануулья.

Харин та хэн нэгэнд сайхан сэтгэлээр гар сунгахын өмнө тусламжийнхаа золиос нь өөрөө байж болохгүй гэдгийг хатуу санаарай.

Та хүүхэдтэйгээ далайн эрэгт амрахаар төлөвлөж, мөнгө хуримтлуулсан гэж бодоё. Гэтэл сайн найз чинь танаас мөнгө зээлэхийг хүслээ. Найзыгаа бодоод мөнгө зээлтэл товлосон хугацаанд буцааж өгөхгүй бол таны хүүхдийн аз жаргалтай хүлээлтийн өмнө та хариуцлага хүлээх үү? Эсвэл таны найз хүлээх үү? …

Хэрвээ та найздаа туслахаар шийдсэн бол үүнийг л түүнд ойлгуулах хэрэгтэй юм.
Хамаатан чинь танд хандаж, танай гэрт хүүхдээ түр суулгая гэвэл та зөвшөөрөх үү ? Гэрт чинь хөндлөнгийн хүн байх танд төвөгтэй бол та зүгээр л хэлэх хэрэгтэй. Хариуцлагатай яриа үргэлж хэцүү байдаг ч танд ямар байгааг та тодорхой илэрхийлэх ёстой. Ингэснээр та өөрийгөө болон нөгөө хүнээ илүү төвөгтэй байдалд оруулж, уур, гомдолоор харилцаагаа дуусгахаас сэргийлж чадна. Та өөрийнхөө санал сэтгэгдлийг тодорхой хэлж чадвал нөгөө хүн ч бас хоосон найдвар тээж, цаг алдахгүй асуудлаа шийдэх болно.

Хүн хоорондын харилцааны чухал шалгуур бол харилцаандаа хүлээх ХАРИУЦЛАГА. Мэдээж, бид хэн нэгэнд туслах хэрэгтэй. Гол нь таны тусламжийг хүртэж байгаа хүн таны сэтгэлд ямар орон зайг эзэлж, танаас ийнхүү тусламж авч буйн үнэ цэнийг л мэдрэх, үнэлэх, талархах учиртай.
Та ч бас хэн нэгний амьдралдаа зориулах цаг хугацааг нь үрэх, өөрийгөө золин байж танд туслахыг бүү шаардаарай. Гуйхаасаа өмнө хүнээс юу хүсэж байгаагаа бодож үзээрэй.

Сэтгэл зүйч, философич Анна Кирьянова