Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст халдвар (Ковид-19)-ын үед нийслэлийн иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тасралтгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүртээмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эм хангамжийн томоохон сүлжээ бүхий эмийн сангуудтай хамтарч ажиллахаар боллоо.


Энэ хүрээнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнөөдөр ЭХНБ-ийн сүлжээ бүхий эмийн сангуудын удирдлагуудтай хамтран ажиллахаар зөвшилцсөн санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт заасны дагуу гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед болон бусад болзошгүй гамшгийн үед хэрэглэх вирусын эсрэг эмийг нэмж захиалах, нөөцийг бүрдүүлэх, сүлжээ эмийн сан болон бусад нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудаар түгээх арга хэмжээг авах, мөн эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, жор баригч нар эмийн сангаар үйлчлүүлж буй иргэдэд эмийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх, вирусын эсрэг эмийн нөөцийн мэдээллийг НЭМГ-т 14 хоног бүрт ирүүлж байх, 24 цагаар үйлчилэх эмийн сангуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр дээрх эм хангамжийн байгууллагууд ажиллана.

Түүнчлэн НЭМГ-аас коронавируст халдвар (Ковид-19)-ын үед хэрэглэдэг вирусын эсрэг эмийн талаар эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, жор баригч нарыг ажлын байранд нь сургах, мэдээ мэдээллээр хангах, эм хангамжийн байгууллагад хамтын ажиллагааны зорилтыг биелүүлэхэд тулгарч буй асуудлыг холбогдох байгууллагад уламжлан мэдэгдэх, цахим уулзалтыг зохион байгуулж санал, мэдээллээ солилцох тал дээр хамтран ажиллах юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР