За Оюун-Эрдэнэ ээ, уянгалаад, төсөөлөөд урагшилдаггүй юм ааа…

Чадахгүй гэдгийг чинь бүгдээрээ харж байна, чадал дутаж байгааг нь ч улс орноороо мэдэж байна.

Бөхийгөөд авсан албаа гэдийсгээд хүлээлгээд өгчихөж чадахгүй, хэвлэл сайтууд руу мөнгө цутгаж, хаалтын гэрээгээр дутуугаа нөхөж, халуухан магтаалаар дундуураа дүүргэж, ам ангайсан болгонтой заргалдаж, асуудал босгосон иргэн болгоныг Зөрчлийн хуулиар цагдаад дуудуулаад амь наана, там цаана таталдаж явааг чинь ч үзэж байна.

Уянгалж ирээд л төсөөллөө ярихыг чинь удаан тэвчлээ. Сансар судлал гээд саран дээр төсөөлж явахад чинь энд эм тариа, дуслын шингэн дуусчихлаа. Алсын хараа-2050 гээд ангайтал уярааж байхад чинь эгэл олон элгээрээ мөлхөж, бүх төрлийн түлшний хомсдол, бүрэн утгаараа эдийн засгийн хямрал руу гулсаж байна. Цахим үндэстэн гээд царгиж байхад чинь цаас барьсан иргэд наториатад дугаарлаад, эмнэлгүүдэд хэвтэх ор байтугай үхэх шал олдохгүй байна.

Халдвар, үхэ л хоёроо хамжааргадахгүй байгаа Монголоос улс болгон айж, орон болгон зугтаж байна. Ерөнхий сайд болсноос чинь хойш жил шахам хугацаа өнгөрлөө, олон түмэн үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяа харсангүй, гайг чинь бол ханатлаа амсаж байна. Том том ярьж, бүлт бүлт үсэрч байгаагаа өөрөө нэг сонсоод үзээрэй.

Үглэж шүүмжилсэ н  бүхэн нь зохион байгуулалттай, үнэн байдлыг чинь хэлсэн бүхэн захиалгатай юм гэсэн. Бусдаар бол Оюун-Эрдэнэ онц удирдаад, орон улс маань оройлон урагшлаад байгаа гэж өөрөө төсөөлөөд, өнөөхдөө итгээд яваа хүн дээ, манай энэ. Рио Тинто-той гэрээ хийж байгаа болохоор тэдний захиалгатай хүмүүс хөөрхий Ерөнхий сайдыг маань зандраад байна гэнэ ээ. Уучлаарай, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд наад гэрээг чинь сар жилээр сайжруулж, саарыг нь хаяж, сайныг нь наашлуулах үүрэгтэй юм. Албан тушаалд үхэн дурлана, аваа өгөөнд шунан дурлана, иргэдийнхээ татвараар хөшөө босгоно, инээж байгаад нураагаад ачуулна, өглөө босоход л дахиад босгочихсон байна, өөрийг нь шүүмжилсэн залуусыг шоро н д  хатаана, намаа наймаалцана, наалинхайтаж урвана…Оюун-Эрдэнэ гэдэг хүн чинь одоо яг л энэ шүү дээ. Ард түмний хувьд бол чи аль эрт огцорчихсон, цахим үндэстэнгээр шоудаж, шатахуунаар таг суулгаж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг үгийн зөрүүгүй барьж хорьж байхдаа л чи хэзээний огцорчихлоо шүү дээ. Аль хэдийнэ огцорчихсон хэрнээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр бүтэн зургаан сар дэнжигнэж явсан нэг л хүн Монголын төрд байсан юм. Тэр нь Элбэгдорж. Ичмээр юм билээ, өмнөөс нь нүүр улайх хэцүү юм билээ. Албан ёсоор албанаасаа буугаагүй ч гэсэн албан бусаар чи алиа болоод удлаа. Иргэдийн чинь сэтгэлд Ерөнхий сайд гэж нэг индэр байдаг юм, тэр индрээсээ тэд чамайг авч хаяад удаж байгааг ухаарах цагтаа тамгаа өгөөд таваргаад хариарай, миний дүү.

Эмүжин