Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан XII ангийн сурагч О бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.

Энэхүү ноцтой хэргийн мөрөөр Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, талийгаач охин О амиа алдахаасаа өмнө О.Банди гэгчид удаа дараа дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, энэ тухайгаа дотуур байрныхаа багш, жижүүр, ангийн багш, сургуулийнхаа захиралд мэдэгдсэн ч тэд ямар ч хамгаалах арга хэмжээ аваагүй, харин ч эсрэгээрээ доог, тохуу хийж байсан тухай бодит мэдээллийг нийтэд ил болгосон юм. Түүгээр зогсохгүй, О.Банди гэгч нь дотуур байрны гадаа удаа дараа очиж, талийгаач О-г дууддаг байсан, талийгаач О дотуур байрнаасаа нимгэн цамц, углааштай гарч явахыг дотуур байрных нь жижүүр анзаараагүй гээд энэ аймшигт хэрэг үйлдэгдэх урьдач нөхцөл хэрхэн бий болсон тухай ч мэдээлсэн билээ.

Эмч болох мөрөөдөлтэй, эелдэг, даруу зантай охин О.Банди гэгчийн хүчээр үерхэх, уулзах саналыг зөвшөөрөөгүйнхээ төлөө, энэ тухайгаа дотуур байрны багш, ангийн багшаасаа тусламж хүссэнийхээ төлөө бусдын доог, тохуу болж, эцэст нь амь насаа алдсан энэ хэрэг олон нийтийн сүлжээний хэдхэн хоногийн дуулиан болоод мартагдах учиргүй. Ялангуяа олон нийтийг цочроосон энэ хэргийн ул мөрөөр нийтэд ил болсон аймаг, сумдын ЕБС-ийн дотуур байрнуудын багш, жижүүрүүдийн хараа хяналтгүй, хайхрамж, хариуцлагагүй байдлыг энэ чигээр нь орхиж болохгүй юм.

Иймд Эргэлт.мн мэдээллийн сайт энэхүү хэрэг үйлдэгдэх нэг нөхцөл, шалтгаан буюу ЕБС-ийн хараа хяналтгүй дотуур байрны асуудлыг хөндөж, “Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” редакцын хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар тэргүүтэй хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллагууд болон өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйч, хүүхэд хамгааллын төрийн бус байгууллагуудыг урьж оролцуулж, аймаг, сумын дотуур байруудын бодит байдал, журам, стандарт, тулгарч буй асуудал, дутагдлын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь дотуур байрны журам, стандартын сайжруулж, хүүхдэд ээлтэй болгох, дотуур байрны багш, жижүүр нь хүүхдүүдийн зөвхөн манадаг биш, зөвлөн тусалдаг байх тогтолцоог нэвтрүүлэх, ингэснээрээ дахин дотуур байрны хүүхдийн эрх зөрчигдөхөөс, дахин нэг охин бусдын гарт амиа алдахаас хамгаалах явдал юм.

Эргэлт.мн мэдээллийн сайтын “Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт редакцын хэлэлцүүлэг 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны 11:00 цагт хуучнаар “Ардын эрх” сонины байр буюу Эргэлт.мн мэдээллийн сайтын редакцид зохион байгуулагдана. Энэхүү сэдвийн хүрээнд мэдээлэл, сурвалжилга бэлтгэх хүсэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй байх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90116821 дугаарын утсанд холбогдож, лавлах боломжтой