Би эсэргүүцэж байна

​Бусдын боломжийг ху лгайлсан даргыг өмөөрөх бүлгэм сошиал орчинд бий болжээ.

 

Тэд өөрсдийгөө инфлүүсэр гэж нэрлэсэн байна. Төрөл зүйл бүрээр даргыг өмөөрнө. Халаасанд нь багтаж байхдаа ч яахав болох л байх. Харин халааснаас нь сугарахаараа яах юм бол.

Гэхдээ тэдний яах ч энд сонин биш. Тэд хөлсөө аваад үйлчилгээгээ үзүүлж буй биз. Харин ДАРГАД болон ТЭДНИЙ ГЭР БҮЛД БОЛОМЖОО ХУЛГАЙЛУУЛСАН ИРЭЭДҮЙ ЯАХ БОЛЖ БАЙНА АААА …

​Даргын хүүхэд гэхээрээ “онц” сурч болдоггүй юм уу ??? Дааааргын хүүхэд … гээд л эхэлсэн тээр жилийн давалгаанд хэвлэлийн салбарын зарим нэг нөхөд минь бүүр хүч түрж явдаг шүү. Тийм ээ, өндөр төлбөртэй хувийн сургуульд зориулсан тусгай хөтөлбөртэй, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах орчин, ном, сурах бичиг, анги танхимын хүрэлцээ, суралцах ээлж, нэг багшид харгалзах хүүхдийн тоо гээд олон зүйл цөм бүрэн хангагдсан байхад танай даргын данхар хүүхэд онц сурахгүй бол онигоо биз дээ.

Ямар сайндаа л боловсролын яам нь даргын тань хүүхдэд онц сурсан гэсэн “яарлик” наагаад иргэний хүүхдэд бакалаврын түвшинд олддоггүй тэтгэлэгийг олгоод явуулахыг завдах вэ дээ. Баригдсандаа бантаад журам өөрчлөгдсөн бакалаврын түвшинд одоо бол олгоно энэ тэр гэж “фитиша”-дсан. Ичгүүргүй дарга аав нь баригдсандаа иргэдээс биш хүүхдээсээ уучлал гуйгаад уртаас урт захидлаар нийгмийн сүлжээнд уянгалсан байдаг. Энэ бол тун саяхны жишээ. Уншигч та лав мартаагүй байх. Баригдаж, зарлагдсан нь л энэ. Баригдаагүй жишээнүүд нь бахтай олон буй биз. Харин уншигч танаас нэг зүйл асууя. Таны сонголтоор сонгогдсон эрхэм гишүүний хүүхэд, таны хүүхэд хоёрт нийгмийн харилцаанд оролцоход ижил тэнцүү боломж байна уу ???

Тодруулбал хотын даргын, эсвэл УИХ-ын гишүүний хүүхэд таны хүүхэд хоёрт сурч, хөгжих ижил тэнцүү боломж байна уу ???

Учир нь Тэгш боломжоос шударга өрсөлдөөн эхэлдэг. Үнэндээ 7 буудлын Должин эмээгийн ач хүү муу сураагүй. Зүгээр л тэдний сургууль өдөрт 3 ээлжээр хичээллэж, нэг танхимд 50-60 хүүхэд суралцаж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн нь хүрэлцэхгүй, умгар жаахан гэрт нь заримдаа цахилгаан ч тасалдчихдаг, түлээ, нүүрс, ундны усаа дөхүүлэхээс эхлээд дүүгээ харах гээд түмэн ажлыг ДАРГЫН хүүхэдтэй л адил сурч, хөгжих насан дээрээ Должин эмээгийн ач хүүг оруулаад Монголын мянга мянган хүүхэд хийгээд явж байдаг.

Аав, ээжүүд нь үмх талх, аяга хоолны мөнгө олохын тулд үүрийн харанхуйгаас үдшийн шөнө хүртэл ажиллаж, их хотын нэг захаас нөгөө зах хүртэл жим гартал алхаж яваа. Мэдээж, тэдэнд тохиолдож болох бүх эрсдэл тохиолдоно. Учир нь тэдэнд найдвартай ажлын байр хомс, хувийн унаа машин бүү хэл нийтийн тээвэрт төлөх мөнгө нь ч хүрэлцээгүй, хүүхэдтэйгээ хамт байх ямар ч цаг байхгүй. Хүүхдэд ээлгүй энэ нийгэмд аав, ээжгүй ч хүүхдүүд бий. Тэднийг боловсролын гадна үлдээх ёсгүй.

Хүн бүрийн боломж ерөөсөө адилхан биш. Даржин амьдралын хүндэд нухлуулж байх хооронд нь ДАРГА ах нар харин тэдний боломжийг булааж, бүх төрлийн хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, тусламжийг хамж байдагт л асуудал нь байгаа юм.

Эцэг эхээс нь мөнгийг нь хулгайлж, үр хүүхдээс нь боломжийг нь хулгайлдаг. Боломж дотор ердөө мөнгө биш, харин Ирээдүй байж байдаг юм. Бусдын хүүхдийн сайхан амьдрах, сурч хөгжих, амьдралаа өөрчлөх тэр боломжийг битгий хулгайл. Ичих мэдрэмжтэй амьдарья. Учир нь Монгол улсын дарга нар онц сураад байгаа хүүхдийнхээ төлбөрийг төлөөд цааш нь сургачих санхүүгийн боломжтой байдаг. Гэхдээ эрхэм дарга нарын маань санхүүгийн боломжийг бүрдүүлж өгдөг тэр мөнгө нь угаасаа татвар төлөгчдийн мөнгө.

 

Эсвэл татвар төлөгч иргэд, тэдний үр хүүхдийн хэзээ нэгэн цагт тэдний өмнөөс төлөх гадаадын зээл тусламжийн мөнгө байдаг л даа. Тэгэхээр эрхэм инфлүүсэрүүд минь Даргыгаа өмөөрч мөөрөхөө түр азна. Даргын чинь халааснаас хэд ч дутахгүй. Мөөрч, боргож өгдөг инфлүүсэр чиний хүртэх шангаас ч дутахгүй. Харин Монгол улсын дарга нар минь зүгээр л бусдын боломжийг бүү хулгайл. Тэртээ тэргүй МӨНГИЙГ нь ХУЛГАЙЛЖ байгаагаа санаад, ядахдаа тайвширна уу.

Даргыг өмөөрөх дараагийн мөөрөлт Хөгжлийн банк, тусгай сангуудын мөнгө хавьцаа харагдана. Мэдээж, албан тушаал халаа, сэлгээ гээд өөр олон зүйл дээр бас байгаа. Нэг ийм мөөрөлт нүдэнд тусав. “ …….. тэдэнд өгөхгүй өөр хэнд өгөх юм. Хоосон надад өгөлтэй нь биш.” Үгүй дээ, ахмад болон дунд үеийн инфлүүсэрүүд минь. Үгүй. Тэр санхүүжилт чинь баялаг бүтээдэггүй танд биш, надад ч биш харин аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж байгаа өсөн нэмэгдэх ирээдүйтэй, ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх, улсын төсөвт хувь нэмэр оруулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор бага хүүтэй зээлээр үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих юм шүү дээ.

Тэрнээс УИХ-ын бүх бөхчин гишүүдэд, тэдний хамаарал бүхий компаниудад өгөөд “чанаргүй зээл” гэж нэрлээд банкийг дампууруулаад буух эзэнгүй, буцах хаяггүй алга болгох ёсгүй юмаа. Эрэлийн Эрдэнбат, Сод Монголын Анандбазар, МАК, Монголын бүхий л монополь шаркууд хөнгөлөлттэй гэсэн болгоноос хүртсэн байсан. Яая гэхэв, таны өмөөрөөд боргоод байгаа даргад боломж нь байгаад авсан юм байж.

Гол нь авснаа БУЦААГААД ТӨЛЧИХ ӨӨ.
Дэлхийн хөгжингүй улсууд, тэргүүлэх компаниуд хүртэл ганц өөрийгөө бус нийт үндэстнээ хамгаалж хөгжиж, хүчирхэгжсэн байдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтийг ханшийг хамгаалдаг үндэсний банктай, албан тушаал, авилга, арилжааны дээрмийг таслан шийтгэх хуультай, иргэдэдээ ажил хийгээд авсан цалин нь хүрэлцдэг нийгмийг бүтээсэн болохоор хулгай, дээрэм, булаалт, биеэ үнэлэлт зэрэг ядуурлын гэмт хэргээс бүрэн ангижирсан.

Энэ бүхэнд эдийн засгийн нөлөө бүхий зохицуулалтыг хийж, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийдэг үндэсний томоохон үйлдвэрлэгчидтэй, тэдний зах зээл, ажлын байр, түүхий эд, нөөц боломжийг хамгаалдаг бодлоготой. Нийгмийн бүх баялагийг УДМААРАА идэх ямар ч хэрэггүй гэдгийг мэддэг үндэсний ухамсартай.
Харин бидний Монгол эх оронд минь үндэсний ухамсартай сэхээтэн байтугай үндэсний ухамсартай дээрэмчин ч алга. ДЭЭРЭМЧНИЙ ухамсартай ДАРГА нар л байна даа.

​Боломжийг нь хул гайлдаг, мөрөөдөл нь сvйрч, итгэл нь цөхөрч байдаг хуульгүй гажиг дарга тогтолцооноос залхахдаа л залуус эх орноосоо дүрвэж байгаа болохоос Алтай Хангайгаас уйдахдаа, Сэлэнгэ, Хэрлэнгээс залхахдаа усны тунгалаг, уулын өндрөөсөө, уудам эх орноосоо дайжаад байгаа юм бол байхгүй шүү.