Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбажавын Базаррагчааг үзэгчид бид “Бид мартахгүй” киноны Аюуш баатар, мөн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрээр нь сайн мэдэх билээ.

Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Нэхүүл” кинонд урьд өмнөх дүрүүдээсээ тэс ондоо мафийн толгойлогчийн дүрийг маш чадварлаг бүтээсэн гэнэ шүү.

Түүний хувьд “Бид мартахгүй” киноны Аюушт, “Ирж яваа цаг”-ийн Готовт 23-тай, “Мандах нарны туяа” киноны Сүхбаатар жанжинд 24-тэй тоглосон бол, “Уул усны үр сад” кинонд гол дүр Алтангэрэлийн найзад 25-тайдаа тоглож байсан гэнэ шүү.
1990 оны эхэнд чөлөөт зах зээлийн шуурганд хүн бүхэн өртсөн. Тэрбээр Кино үйлдвэрээс чөлөөт уран бүтээлч болж гарчээ. Энэ тухайгаа “Жүжигчин хүн миний хэмжээнд хүрчихээд урлагаа орхино гэдэг хэцүү л дээ. Гэхдээ л би больё гэж бодсон. Түүний дараа Монголдоо юм юм хийсэн дээ. Тахь хүртэл нутагшуулж үзлээ. Нэг л болж өгсөнгүй. Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад 1997 онд Солонгос улс руу гарсан. Хоёр жил ажиллахад 20 мянган ам.доллартай болох юм байна. Тэгээд эргээд ирнэ гэсэн тооцоо хийгээд гарч байлаа. Тэгсэн нэг мэдсэн 20-иод жил болсон байсан. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирсэн дээ” гэжээ. Гэтэл нэг өдөр гавьяат жүжигчин Бат-Өлзий очиж урлагаа санахгүй, амгалан тайван оршиж байсан сэтгэлийг нь эвдсэн гэдэг. “Чиний эзгүйд” кинондоо урихад уран бүтээлч маань уяаны морь шиг дүүхэлзэн яарч сандарч барьц алдана гэж бодоогүй гэдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа Бат-Өлзий дахиад л Солонгост очихдоо “Базараа чиний энд байгаагийн шалтгаан юу вэ” гэж асуужээ. Тэр үг бас л сэтгэлд нь нэгийг хэлж орхив. Мөн өндөр настай болсон аав нь “Чамайг хүлээгээд их удлаа. Овоолсон шороон дээр очихдоо чи насаараа харамсана шүү” гэжээ.
Ингээд 2013 онд эхнэр хүүхдээ дагуулан эх орондоо ирэхийн зэрэгцээ эх урлагтаа эргэн ирсэн гэдэг. Түүний эхнэр С.Сарангэрэл жүжигчин мэргэжилтэй. Тухайн үед хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан бөгөөд одоо Сити их сургуульд тайз, ярианы багшаар ажиллаж байна.
С.Базаррагчаа 17 жилийн дараа кинонд тоглохдоо жаахан эмээж байж. Тэрбээр “Намайг ирсний дараахан дөрвөн киноны санал ирсэн. Өөрийгөө арай болоогүй гэж бодсон. Нэг жил гаруй хүлээсэн. Тэгээд Б.Чингүүний “Учрал” гэдэг кинонд тоглосон. Татгалзмаар байсан ч чадаагүй. Түүнээс хойш 30 гаруй бүтээлд тогложээ. Кино урлаг хөгжиж байна. Мөн шүүгдэж эхэлж байна. Кинонд хайртай жинхэнэ зүрх сэтгэлээрээ явж байгаа хүмүүс үлдэж байна” гэжээ.