…Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг Хонгорзул минь дээ

Хонгорзул минь дээ…

Дуу, дуучин хоёр нь ёстой л нэг зохицсон доо. Эзэн нь Н.Энхбат. Түүнийг “Хонгорзул”-ын Энхбат гэлцэх нь ийм учиртай.
Түүний олон дууны дундаас ганцхан “Хонгорзул” дуу түүнийг олны танил болгож, МУГЖ гэх эрхэм цолын эзэн болгосон гэхэд болно. Говь-Алтай аймгаас гаралтай тэрээр өдгөө нийслэл Улаанбаатартаа аж төрж, амьдардаг аж. Тэр бүр олны өмнө гарахаа болсон тэрээр саяхан нэгэн арга хэмжээ дээр дуулж явах нь манай сайтын папарацийн дуранд өртжээ.
Дуучин Н.Энхбатын “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг”, “Гүнж тогоруу”, “Бүсгүй”, “Ээждээ яарсан сэтгэл”, “Ээждээ үнсүүлэхсэн”, “Хүлээгээрэй ээжээ” гээд дуулсан дуучнаас нь өөр хэн ч давтаж дуулaхааргүй, чанартай цөөхөн дууны эзэн. Ялангуяа бараг л ардын дуу шиг олонд түгсэн “Хонгорзул” хэмээх дуугаар нь хот, хөдөөгүй танина. Сонсоно. Найман настай балчираас 80 настай буурай хүртэл амандаа аялах, яруу уянгалаг дууны үгийг 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Лхагвасүрэн, аяыг нь хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов нар Н.Энхбатад зориулж зохиосон юм гэнэ билээ. Н. Энхбат “Хонгорзулыг” амьдруулсан шиг амьдруулж чадсаны хамгийн том нотолгоо нь “Хонгорзулын Энхбат” гэдэг ард түмнээс хайрласан нэр алдар билээ.