АН-ын угшилтай, БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда цахим орчинд идэхвтэй нэгэн. Тэрбээр энэ удаад Э.Бат-Үүлд санаа зовж байгаагаа илэрхийлж, түүний төлөө цас бороо оруулах ид шидтэй гэдгээ илэрхийлэв.
Тодруулбал, “Э.Бат-Үүлийг яг одоо шүүж байна. Шүүх хуралд нь очих уу яах уу гэж өчигдрөөс хойш шаналав. Хэрэв би очвол бороо цас оруулж, амьтан хүн уруу татаж бусдад төвөг удах нь тодорхой. Гэртээ хайлж суух минь. Шүүх хурлын эхлэлийг хараад л зүрх зүсэгдэж, элэг минь эмтрэв. Хөөрхий Дээгийд (эхнэр нь) ямар хэцүү байгаа бол! Гэхдээ тэнд бидний өмөг түшиг Сосорбарам сууж байгаа. Со ч гэсэн андынхаа хүнд царайг хараад дотроо урсаж бас нийгмийн бусармаг байдалд уурсаж, байж ядан суугаа биз. Бат-Үүлийн ямар гэм хийснийг би мэдэхгүй. Миний мэдэх юм бол Бат-Үүл хэзээ ч бусдад гай тарих хүн биш. Андуу эндүү, эсвэл өнөө хонгилоор орсон уу, бүү мэд. Шудрага шүүх нь байдаг бол хар цагааныг ялгаж өгнө гэж итгэе. Харин өнөөгийн энэ нийгмийг Монголчуудын гарт нь атгуулсан зоригт эр бол Э.Бат-Үүл мөн. Өнөөдөр ЖДҮ, Хөгжлийн банкны хэдэн тэрбумыг зүй бусаар цусалж, өнгө мөнгөөр туйлж буй идээч уугаачдад, энэ цонхон дээр хэнийг ч хамаагүй чөлөөтэй гүтгэж, хараал урсгаж хэвтэж буй чөлөөт сэтгэгчдэд, гадаад ертөнцөд дураараа зорчин, ажиллаж амьдарч яваа түм түмэн монголчуудад олгосон боломж бүр ардчиллын ач тус шүү. Энэ утгаараа Э.Бат-Үүл бол Монголын ардчиллын эцэг хүн. Тийм болоод би Бат-Үүлд хайртай. Түүнийг алдаа оноотой нь, ололт амжилттай нь залуу үетэй нь, буурал өвгөнтэй нь хамт хайрлах болно. Миний бичвэр сэтгэлд тань нийцэхгүй бол алгасчих, бүү унш. Уншчихаад доромжилж хорон үгийг бас бүү бич. Үг тэрлэсний төлөө намайг доромжилбол тэр үгсийг чинь би рашаан болгож хүртчих тул манийгаа есөн бусаар бичээд нэмэргүй шүү. Монголын шүүх хар цагааныг дэнсэлж, өнөөдөр Бат-Үүлийг гэрт нь хариулна гэж итгэж, залбиръя” гэжээ.
Уг нь хаврын хуурайшилттай энэ цаг үед дэд сайд асан бүсгүйгээ хэд хэд хэдэн удаа “тарчлаагаад” цас, бороо оруулчихвал шар тос юмсан…