УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувийн туслахаар ажиллаж байсан, МУИС-ийн төгсөх дамжааны оюутан 22 настай Б гэх залуу өнгөрсөн баасан гарагт амиа егүүтгэжээ.

Хан-Уул дүүргийн нутаг дахь “Хүннү вилла” хотхонд энэ явдал болсон бөгөөд хэргийн газарт ар гэрийнхэн, цагдаагийнхан ажиллахад гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэнэ.

Тэрбээр мөрийтэй тоглож, их хэмжээний өрөнд орсон бөгөөд гэр бүлийнхнээсээ уучлалт гуйн ийм алхам хийсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр МУИС-ийг улс төр судлал мэргэжлээр төгсөх гэж байсан нэгэн агаад УИХ-ын Тамгын газрын нэгэн ажлын албанд энэ оны нэгдүгээр сараас гэрээгээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт нэгэн үйл ажиллагаанд оролцох хүмүүст гарын бэлэг бэлдэхээр хариуцсан алба, хэлтсээсээ багагүй хэмжээний мөнгө цохуулан авч гараад холбоо барилгүй алга болсон аж.