Холливудын од Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа гэж монгол эмэгтэй бий. Хөтлөгч Гантулгатай хайрын романс үүсгэж явсан энэ үзэсгэлэнт бүсгүй загвар зохион бүтээгч Отгонжаргалын Ocouture брэндийн нүүр царай болжээ. Угаасаа хөөрхөн, сайхнаараа үеийн бүсгүйчүүдээсээ онцгойрч явдаг тэрбээр тус брэндийн зуны торгон дээлүүдийг ийнхүү олонд сонирхуулах хүндтэй үүргийг хүлээсэн байна.
Холливиудын одын гэргий гэдгээр олонд танигдсан Б.Эрдэнэтуяа бүсгүйн хувьд багаасаа монгол бүжгээр бүжиглэж эхэлсэн бөгөөд одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай хамт Хүүхдийн ордонд явдаг байсан аж. Өдгөө тэд 40 насны босго алхсан ч үе зайгүй найзууд хэвээрээ юм.
Б.Эрдэнэтуяа айлын гэргий болохоосоо өмнө “Ододтой бүжиглэе шоу”ны шүүгч Баасантай хослон, цэнгээнт бүжгийн хаан, хатан болж байсан түүхтэй. Тэрбээр 2004 онд Стивен Сигалыг Монголд ирэхэд нь анх танилцаж, 2009 онд албан ёсоор эхнэр нөхөр болсон гэдэг. Тэд Кунзана гэх ганц хүүтэй.