Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах талаар БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх талаарх энэхүү форум юм.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Иймээс энэ хүрээнд олон улсын туршлага судлах, системийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, зураг төслийн чанарыг сайжруулж, төсөл хэрэгжүүлэх зорилгын дор “ВIM FORUM-2022” болж байна.

Тэгвэл уг хэлэлцүүлгийн үеэр бид барилга орон сууцны үнэ цаашид өсөх эсэх, ипотекийн хүүгийн зээлийг дахин бууруулах боломжтой талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо: Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд ипотекийн хүүг бууруулах асуудлыг оруулна
Барилгын материалын тээвэр хомсдолтой байгаатай холбогдуулан зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр магадлал хийж байна. Яаманд хүсэлт ирүүлсэн байгууллагуудын бараа материал дээр магадлал хийж, УИХ болон Засгийн газарт танилцуулга хийхээр ажиллаж байна. Өнөөдөр 200 гаруй чингэлэг барилгын материал гаалийн бүрдүүлэлт, зөвшөөрөл бүхий бичиг баримтаа цэгцлээд Эрээний боомт дээр орж ирэхэд бэлэн болсон байгааг ГХЯ-аас өчигдөр манайд мэдээллэсэн. Тэнд ковид гарсан ч, бараа бүтээгдэхүүний ачаа тээвэрт нөлөөлөл үзүүлэхгүй гэж хувьдаа ойлгож байгаа. Хэрвээ хил хорио энэ байдлаараа үргэлжилсэн ч бусад хилийн боомтуудаар бараа материалаа оруулж ирэх боломжтой.
Ипотекийн нөхцөлийг сайжруулах асуудал дээр Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг гаргаж, өнгөрсөн хоёр сард дүн шинжилгээ хийсэн. Энэ ажлын хэсэг саналаа боловсруулаад даваа гаригт Шадар сайдад танилцуулсан. Ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаан дээр саналаа бид танилцуулна. Танилцуулгынхаа хэвлэлүүдэд мэдээллүүдийг дэлгэрэнгүй өгнө. Өнөөдөр 8 хувийн зээлтэй 63 мянган иргэний зээлийг 6 хувь руу оруулах боломжтой эсэхийг Монголбанк, СЗХ, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтран нэлээд судалгаа хийсэн. Мөн урьдчилгаа 30 хувийн 18 хувийг өөр хэлбэрээр зохицуулаад, урьдчилгаа 12 хувийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэх саналыг бид боловсруулсан байгаа. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг нухацтай хэлэлцэх байх.
Монголын барилгын үндэсний ассоциаци

ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан:

Ипотекийн корпораци шиг хөрөнгө оруулалтын сан манайд дахиад хэрэгтэй
2021 оны судалгаагаар МУ-ын хэмжээнд 4,1 их наяд төгрөгийн барилгын ажил хийгдсэн байдаг. Магадгүй 2022 оны судалгаа дээрх хэмжээнээс бууралттай гаргахыг үгүйсгэхгүй. Ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээний хямрал гэгч зүйл зөвхөн манай барилгын салбарт бус бусад салбарт ч асуудал болоод буй. Барилгын үндсэн түүхий эд, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт орон сууцны үнэд нөлөөлж байгаа. Хөрөнгө оруулагчид, барилгын үйлчилгээ эрхлэгчид бид төслийн менежментийн зарчмаар бүх асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон. Өнгөрсөн оны мөн үеийнхээс өнөөдрийн орон сууцны мкв үнэ 15-25 хувиар өссөн байна. Барилгад ашиглаж буй нийт материалын 70 орчим хувийг импортоор авч байгаа. Мөн гадаад вальтын өсөлт ч орон сууцны үнэд нөлөөдөг. Ингээд бодохоор, орон сууцны одоогийн үнийн өсөлт бол хөөсрөлт биш, тэгж харж болохгүй. Чөлөөт зах зээлийн онцлог нь үнэ чөлөөтэй байдаг. Нийлүүлэлт нэмэгдэх тусам үнэ буурч, иргэдийн худалдан авалт нэмэгддэг зарчимтай шүү дээ. Барилгын компаниуд аль болох иргэдэд чанартай орон сууцыг түргэн шуурхай нийлүүлэх, зээлээс нь хурдан чөлөөлөх зорилготой ажилладаг. Тиймээс үнийн хөөсрөл гэж бодож болохгүй. Ипотекийн зээл гарснаар монголын барилгын салбарт чухал нөлөөллөө үзүүлсэн. Хүн амыг хямд эх үүсвэртэй, хүртээмжтэй, хөрөнгө оруулалт хийж үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг нээж өгсөн гэдэг давуу талтай. Бидний зүгээс Ипотекийн корпораци шиг хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө менежмент хийдэг бүтэцтэй байгууллага манайд дахиад хэрэгтэй байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Дэлхий дээр хамгийн найдвартай зээлийг орон сууцны зээл гэж ярьдаг шүү дээ.

БХБЯ-ны барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга: Барилгын материалын үнийн өсөлт түр зуурынх
Барилгын материалын үнэ худалдан авалтад нөлөөлж байгаа. Барилгын материалуудын хомсдол, үнийн өсөлт нь тээвэр ложистокоос хамаарч байгаа түр зуурынх гэж ойлгож болно. Тээврийн асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар төмөр замынхантайгаа уулзалт хийсэн. Уулзалтаар бид өдөрт дор хаяж 20 вагон цемент оруулж ирж байх тохиролцоонд хүрсэн. Мөн дотоодын үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг сайжруулж, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болсон. Яамны зүгээс арматур төмөр, цемент зэрэг 12 нэр төрлийн барилгын материалд тодорхой бодлого явуулж байгаа.
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын Ерөнхийлөгч М.Түмэнжаргал: Хуучны болон шинэ орон сууцны үнэ цаашид өсөхгүй
Цар тахлын нөхцөл байдлаас эхлүүлээд барилгын материалын үнэ өссөн нь биднээс шалтгаалахгүй. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, дайн дажин зэрэг асуудал ч тодорхой нөлөөлөл үзүүлж буй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Барилгын материал чинь өөрөө овор хэмжээ ихтэй, үйлдвэрлэхээс гадна түүнийг тээвэрлэх, хадгалах зэрэг проёцесүүдэд өртөг шингэдэг. Үүнтэй холбоотойгоор хил гааль хаагдах, вагон чингэлэгийн олдоц ховордох асуудлууд дэлхий нийтэд үүсч байна. Түүнээс биш цемент байхгүй дээ нэмэгдээд байгаа биш шүү дээ. Ямарваа нэгэн юм, доошлоод доод хэмжээндээ хүрдэг. Тэгэхээр цаашид орон сууцны үнэ цаашид өсөхгүй гэсэн үг. Тулталаа өссөн гэж ойлгож болно. Цаашид орон сууцны чанараа сайжруулж, үнээ бууруулах л ажил бидэнд байна.