Сэтгүүлчид өчигдөр /2022.06.13/ Төв талбайд тайван жагсаал хийлээ. Энэ үеэр авсан фото сурвалжилгыг хүргэж байна.
Сэтгүүлчдийн тайван жагсаалын үеэр Isee.mn мэдээллийн сайтын эрхлэгч М.ОТГОНБАЯР “Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал бол Монголын сэтгүүл зүйн салбарын асуудал.

Ганцхан сэтгүүлчийн асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-д “Монгол Улсын иргэн төрийн нууцад үл хамаарах мэдээ мэдээллийг хайж олох, мэдэх эрхтэй” гэсэн байдаг. Төрийн нууц гэдэг төрийн нууцыг хамгаалах ёстой субъектуудад л байдаг. Төрийн өндөрлөгүүдэд төрийн нууцад үл хамаарах мэдээлэл хамаардаг. Үүнээс бусад мэдээллийг бид иргэдэд хүргэх үүрэгтэй. Энэ эрхийг зөрчвөл Эрүүгийн хуулиар хамгаалсан зүйл заалт байдаг. Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, хувь хүний эрх чөлөөг зөрчсөн үйлдэл.
Монголын нийгмийн тогтолцооны гол үнэт зүйл бол иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх чөлөө. Үүнийг бид хамгаалж, хайрлах ёстой. Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал бол Монголын сэтгүүл зүйн түүхэнд хараар бичигдэх үйл явдал. Амралтын өдрүүдэд хуулийн байгууллагаар тусгай хэрэгслээр бичсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг яагаад прокурорын байгууллага ажиллахгүй байна вэ. Цагдаагийн байгууллага хүний эрх эрх чөлөөний сургалтыг хийнэ гэж байнга хэлдэг. Тэр сургалт, сурталчилгаагаа хийгээч ээ” хэмээн онцолж байлаа.