Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулан лам нар Сүхбаатарын талбайд цуглан хүндэтгэлийн цам харайх бүжиг хийж, ном хурлаа. Энэ үеэр ТАС.MN сайтын папараци дуран ажиллаж дараах фото зургуудыг авчээ.
Уг үйл явдлын дараагаар лам нар сүсэгтэн олноо дагуулсаар Гандантэгчлэн хийдэд очиж номын хурлаа үргэлжлүүлж байна.
Нийтээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг Гандантэгчэнлин хийдээс хүсэж байв.

1. Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлалаа үйлдэх, өргөл хандив өргөх,
2. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
3. Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
4. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
5. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
6. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
7. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
8. Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
9. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах.