Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, хоёр талцчихаад байгаа АН-ынхны гаргасан хүсэлтүүдийг хэлэлцлээ.

Тодруулбал, тус шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хянан хэлэлцсэн юм.

С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх албан тушаалтай Д.Эрдэнэсувд “АН-ын Үндэсний бодлогын хорооны энэ оны зургадугаар сарын 30-ны ээлжит бус хурлаар тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг баталгаажуулан, намын 14 дүгээр их хуралд уламжлан хэлэлцүүлэхээр 37 тоот тогтоол гаргасан.

14 дүгээр их хурал долдугаар сарын 2-нд хуралдаж, дээрх 37 дугаар тогтоолыг хэлэлцэн, батламжилж, Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” учраас С.Эрдэнийг нэрийг сэргээлгэхээр хандсан аж. Үүнээс гадна тэрбээр Ө.Шижирийг бүртгэхийг эс зөвшөөрөх, И.Мөнхжаргал нарыг АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд тул тэдний өргөдлийг хэлэлцэхгүй байх хүсэлт ч хүргүүлсэн гэнэ.

Харин Х.Баттулгын талын АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нар “2022 оны наймдугаар сарын 18-нд АН-ын ээлжит бус их хурал хуралдаж, тус намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. АН-ыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон тул бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхээр хандсан байна. Түүнчлэн дээрх хүмүүс энэ сарын 20-нд “С.Эрдэнийг АН-ын Үндсэн дүрмийн 3.10.1.1-д зааснаар намын даргаас огцорсонд тооцсон. Дүрмийн өөрчлөлт нь огцорсонд тооцогдсон даргад буцаж үйлчлэхгүй болохоор намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг тэргүүн дэд дарга Ө.Шижирт олгосон хэмээсэн байна.
Ийнхүү хуваагдсан АН-ын дээрх хүсэлтүүдээс гадна тус намын болон Үндэсний бодлогын хорооны гишүүн, 14 дүгээр их хурлын төлөөлөгч гэх Д.Алтанхуяг (С.Эрдэнийн биед халдсан) “С.Эрдэнэ нь өөрийгөө АН-ын дарга мөн, Улсын дээд шүүхийн бүртгэлд би бүртгэлтэй байгаа гэж гишүүдийг хууран мэхэлж намын үйл ажиллагааг дүрмийн бус аргаар удирдан явуулсаар байна.Тиймээс С.Эрдэнийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх тухай хүсэлтийг татгалзаж өгнө үү” гэсэн өргөдөл гаргажээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд АН-ын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, тус шүүхийн нийт шүүгч хуралдаж өмнө нь гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзээд хэн хэнийг нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг нь буцаажээ.