Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.

Уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч, зарим хүнийг цагдан хориод байгаа билээ.

 

Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгож, хахуулийг нь зуучилсан гэх үндэслэлээр З.Буяннэмэх гэх хүнийг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнээс гадна дээрх яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан Д.Доржханд нарыг цагдан хорьж шалгаж буй аж.

Х.Оргил-Эрдэнийн хувьд Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтан Лиу Хоннианаас 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж, улмаар 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нэгэн.

Д.Доржхандын хувьд Төв аймагт тавигдах автозамуудын шинэчлэлийн ажлын өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан бөгөөд шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.

Дээрх гурван хүнээс гадна “Дарханы замын” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдын албан тушаалд томилогдсон Ж.Бат-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм.