-Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэд өөрсдийгөө хохирогч хэмээн “Алтанбогд” хорооллын оршин суугчдын амгалан байдлыг алдагдуулах болжээ-


“Эсү трейд” ХХК-ны барьсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан богд” хотхоны гадна орчны тохижуулалтыг хийх зорилгоор нэр бүхий дөрвөн иргэнтэй газар эзэмших эрхийг нь орон сууцаар солих гэрээ хийжээ.
Гэвч тухайн иргэд газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгалт хийлгээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Улмаар байгууллагын нэр төрд удаа дараа халдсаар байна.

Тодруулбал, иргэд газар ашиглах эрхийнхээ хугацааг нь сунгуулаад, эзэмших эрхээ хадгалж үлдэх, харин компани орон сууцны зориулалттай байрыг шилжүүлэн өгөх байсан бөгөөд иргэдийн эзэмших эрхийн хугацаа 2020 оны 9-р сарын 18-нд дуусгавар болсон байхад сунгалт хийгээгүй юм.

Иргэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн газар нь Эсү трейд болон иргэдийн аль альных нь нэр дээр байхгүй нийтийн өмчлөлд шилжсэн газар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор нэр бүхий дөрвөн иргэн “Эсү трейд” ХХК-ийн нэр төрд халдсаар байна.
Иймд энэ үйлдлээ таслан зогсоож, цагдаа болон шүүхийн байгуулллагад хандахыг зөвлөж байна. Эс бөгөөс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэр төрд халдсан, худал мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага болон Иргэний хэргийн шүүхэд хандаж буйгаа “Эсү трейд” компанийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, О.Анхбаяр нар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Б.Эрдэнэмөнх “Газар ашиглах эрхээ өөрсдөө хадгалж чадаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байж өдгөө хотхоны гадна гэр барьж, удаа дараа лайваар худал мэдээлэл цацаж, компанийн үйл ажиллагаанд саад хийж, нэр хүндэд халдах болсон. Хууль эрх зүйн талаас нь бид аль болох тэдгээр иргэдэд таатай нөхцөл байдлаар шийдэхийг хүсч, тохиролцсон ёсоор 50-60 сая төгрөгөө өгье гэсэн. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол хууль шүүхийн байгууллагаар шийдүүлнэ гэдгээ ч хэлж байсан” гэв.
Өмгөөлөгч О.Анхбаяр мэдээлэлдээ “2022 оны 11-р сарын 02-ны өдөр тэдгээр газрын маргаантай гэх иргэд Алтанбогд хотхоны орон сууцны дотор майхан барьж хоёр хоносон. Энэ асуудлаас болж оршин суугчид СӨХ-дөө гомдол гарган, улмаар ХУД-ын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Гэтэл цагдаагийн албан хаагчид нийгмийн хэв хэмжээг зөрчөөд байгаа эдгээр иргэдтэй ирж уулзчихаад явсан. Манай цагдаагийн албан хаагчдын эрхзүйн мэдлэг нь тун хомс байна. Тэд хууль хяналтыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэл гаргасан гэхэд болно. Одоо эдгээр газрын маргаантай иргэд хотхоны гадна талд монгол гэр бариад эсэргүүцлээ илэрхийлж байна. Угтаа эдгээр иргэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2.3-т заасан олон нийтийн тайван байдлыг алдагдуулан, танхайрах зөрчлийг гаргаад байгаа юм. Цагдаагийн албан хаагчид зөрчлийг таслан зогсоохгүй, ажлаа хийхгүй байна. Ажлаа хийгээд Алтанбогд хотхоны иргэдийн амгалан тайван байдлыг хангаад өгөөч. Зөрчил гаргаад байгаа тэдгээр газрын маргаантай иргэдэд хариуцлага тооцоод, зөрчлийн асуудалд нь анхаарлаа хандуулж өгмөөр байна. Энэ асуудалтай холбоотойоор өмгөөлөгч бидний зүгээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэсгийн албан тушаалтнуудад хандаж, өмгөөлөгчийн гомдлоо гаргана” гэлээ.

Газрын маргаантай иргэдтэй хамт жагсагч гэдгээрээ олонд танигдсан Б.Жагар тэргүүтэй холбоо хамааралгүй хүмүүс мөн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эсэргүүцлийн суулт хийгээд байгаа аж. Эдгээр хүмүүсийг хуулийн хэв хэмжээндээ захирагдаж үнэн зөв мэдээллийг олон нийтэд мэдээллэхийг өмгөөлөгч нарынх нь зүгээс илэрхийлж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол цагдаагийн байгууллага, шүүх хяналтынханд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэдгээ тэд хэлж байлаа.

Мөн газрын маргаантай иргэдийн газар дээр “Эсү трейд” ХХК орон сууц бариагүй, тэдгээр иргэний газар дээр хүүхдийн тоглоомын талбай барьсныг тэд онцолсон юм.