Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран улс орон даяар таван бүсэд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтын нээлтэд оролцлоо.

 

 

 

 

Тэрээр сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн 51 дүрэм, журмыг баталж гаргахаас 70 гаруй хувийг баталж, өнгөрсөн 4 сарын хугацаанд шахуу төлөвлөгөөтэй, ачаалал ихтэй ажилласан. Шинээр батлагдсан дүрэм, журмууд та бүхний гар дээр ирж, танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа байх. Шүүхийн шинэтгэл бол зөвхөн одоо хийгдэж байгаа ажил биш 10 гаруй жилийн өмнөөс хийгдэж ирсэн, цаашид ч та бид хамтран хэрэгжүүлэх ажил бөгөөд үр дүн нь та бидний хамтын ажиллагаа, сэтгэлгээнээс шалтгаална. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

 

Гишүүн А.Насандэлгэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн таван чиг үүрэг, шүүхийн хөгжлийн бодлогын талаар танилцуулав. Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт хоёр өдөр үргэлжлэх юм. Сургалтын нээлтийн дараа тэд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгчдийн санал, хүсэлтийг сонсож, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх юм.