Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ даргатай болоод ‘сахил хүртсэн биш шал дордов’ гэгчийг бодит жишээ болов. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтуудыг 2023.01.03-ны өдрөөс эхлэн авч байгаа юм. Харамсалтай нь хамгийн шударга байх ёстой шүүгчийн сонгон шалгаруулалт шударга бус болж байгааг хоёр жишээгээр хүргэж байна.

Шүүгч болохоор шалгалтч өгч буй бүх хүн 2023.01.03-ны өдөр Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн шалгалт өгсөн. Уг шалгалтад Үндсэн хуультай холбогдолгүй асуултуудыг оруулж өгсөн гэдгийг сонгон шалгаруулалтад орсон 120 гаруй хуульчид баталж байна.

Үүгээр ч зогсохгүй шалгалтын үед ХОЁР АСУУЛТЫН ЗӨВ ХАРИУЛТЫГ хэлж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл мэдлэггүй нөхдүүдэд “будаа идүүлж”, мэдлэг туршлагатай хуульчийг нь хохироож байгаа гэсэн үг.

Харин өчигдөр буюу 2023.01.04-ны өдөр салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт авсан байна. Энэ үеэр мөн л хэд хэдэн асуултын хариултыг хэлж өгсөн байгаа юм.

Уг нь мэдлэгтэй нь өндөр оноо авч, шүүгч болох нэг даваагаа амжилттай давах байлаа. Гэвч   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шударга бус байдал   үүсгэж байгаа нь мэдлэг, туршлага, ур чадвартай хуульч хүмүүсийг хохироож байгаа хэрэг юм.

Хэрвээ шалгалтын хариугаа удаа дараа ингэж хэлэх юм бол шүүгчийн сонгон шалгаруулалт нэртэй ‘жонхуу хутгах’ хэрэг байгаа юм уу?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг гэх бүсгүй сонгогдсон. Залуу хүн ихийг хийж бүтээхээ амлаж байсан ч сонгон шалгаруулалт ч олигтой зохион байгуулах чадамжгүйгээ нотолж байна гэх дуулиан ч хуульчдийн дунд гарч байгааг энд онцолж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл шалгалтын явцыг дүрс бичлэг хийж баталгаажуулдаг. Энэ удаагийн ‘будлиантай’ шалгалтын бичлэгийг олон нийтэд нээлттэй үзүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр шүүгчийн сонгон шалгаруулалт ямар ‘будлиантай’ болж байгааг олон нийт үзэж, ШЕЗ энэ мэт алдааг дараагийн удаа гарахаас сэргийлэх боломжтой болох юм.

ШЕЗ-өөс шалгалтын хариуг удаа дараа задалсан шалтгаанаа ‘алдаатай тест хэвлэгдсэн’ гэж тайлбарласан аж. Тэгвэл алдаатай тестээр хуульчдийг тохуурхаж байгаа мэт удаа дараа бөглүүлсэн нь дүрэм, журам хуульдаа хэрхэн нийцдэг юм бол доо ???

Бид энэ сэдвээр эргэж мэдээлэх болно.