Манай улсад орж ирсэн Киргизстан, Казакстан Улсын гурван иргэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Киргизийн иргэн Б.С, Казакстаны харьяат Б.Д, Г.А нар нь гадаадын иргэдийн арилжааны банкны цахим картуудын мэдээллийг хууль бусаар олж аваад манай арилжааны банкуудын пос терминал төхөөрөмжид уншуулдаг байж. Тухайлбал, “Мөнгөн завьяа” дэлгүүрээс нэг бус удаа гүйлгээ хийж, үнэт эдлэлүүд авчээ. Удаа дараа ингэж гүйлгээ хийснээр 177.8 сая төгрөгийн хохирол иргэдэд учруулсан бөгөөд түүнийхээ эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор үнэт эдлэл, гар утас, таблет зэрэг эд зүйлс худалдан авдаг гэнэ. Тэдгээрийгээ бусдад дахин худалдаж мөнгө угаасан гэж буруутгагдаж буй юм. Түүнчлэн тэдний үйлдлийг илрүүлэн шалгаж байсан цагдаагийн албан хаагчийн гарыг хазаж гэмтээсэн байна. Прокуророос Казахстан, Киргизстаны иргэдэд Эрүүгийн хуулийн 17.1-2.3-ын эд зүйл хулгайлсан, 18.6-1-ийн мөнгө угаасан, 23.1-1-ийн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.