Шоронгийн хоригдлоос илүү хяналттай 21 хоног

Аюулт тахал дэлхий нийтээрээ сөхөрч байна гэдэг утгаараа 21 хоногийн тусгаарлалтад байгаа хүмүүс шоронгийн хоригдлоос илүү чанга дэглэмд хоригддог. Ингэж хэлж байгаа учир нь шоронгийн хоригдолд гадаа нар салхинд гарах цаг байдаг бол бидэнд цонх ч онгойлгох эрх байхгүй. Өрөөнд 2 цаг тутамд агаар оруулж байх тухай зөвлөмж бичиж наасан хэдий ч бодит амьдрал дээр цонх онгойлгох эрх байхгүй, цонх онгойлгосон тохиолдолд хажуу хавийн байрныхан Онцгой байдлын штаб руу утасдаж хэлдэг учраас 3 цагдаа машиндаа 21 хонож буудлыг маань тойрч алхаж цонх онгойлгосон байвал тэдэн давхар цонхоо хаа гэж хашигчина, зөвхөн хаалга тогшилтоор маскаа зүүж очиж хоолоо авч иднэ. Хоолны хувьд тухайн байрны эзэн, тогоочийн сэтгэл хоёроос маш их шалтгаалж байна. Битүү хувцас масктай эмч сувилагч нар хоол зөөж өгнө, өдөрт 1-2 удаа халуун үзнэ. Ирсэн өдөр шинжилгээ авсан 18 дахь хоног дээр давтан шинжилгээ авсан. Зуугаад хүнд зориулж хийж байгаа хоол учир сайхан амт, чанарын тухай хүлээгээд дэмий. Тураад үхчихгүй, хордлогод орчихгүй байх л хамгийн чухал гэсэн сэтгэл зүйтэй байх нь дээр санагдсан. Сэтгэлзүйн хямрал дээр дархлаа дэмжих чанартай хоол унд, өрөөнд агаарын солилцоо хэрэгтэй л байх гэхдээ тусгаарлах байранд ийм зүйл хүлээгээд хэрэггүй. Миний тусгаарлагдсан байр, хоол бусад газрынхныг бодвол харьцангуй дээр байсаан. Ялангуяа өвчтэй хүн, асаргааны хүн, өндөр настан, хүүхэдтэй хүмүүст бол маш чанга. Бас 5-с доош насны хүүхдэд хоол өгөхгүй, зөвхөн эх эцэгт нь хоол өгч байна гэж хүмүүс бичиж байсан, бас л харгис байгаа юм шүү. 21 хоноход цагаан хэрэглэл солихгүй. Гэхдээ бидний төлөө 21 хоног гэртээ ч харихгүй зүтгэсэн хүмүүст маш их баярласан тэднийг буруутгах өөлөх шалтгаан надад байгаагүй, байх ч үгүй.

Хоолоо сонгож идэх эрх чөлөөнд хүрсэн 14 хоног

Тусгаарлалтаас гарсан өдөр өрхийн эмч ярьсан өглөө орой 2 халуунаа үзээд мэссэжээр явуулж байгаарай, зовиур байвал утсаар хэлээрэй гэсэн учир өглөө оройдоо халуунаа үзэж мэссэжээр явуулдаг ажилтай л байна. Гэртээ байгаа учир өөрөө хоолоо хийгээд идчихнэ, цонхоо онгойлгох эрхтэй.

Сэтгэлийн их хямралд байгаа хүмүүсийгээ та нар минь ойлгохыг хичээж байгаарай, битгий тэдэнрүүгээ муухай үгс чулуудаарай.

С.Нямсүрэн