Өвөр Монголыг захирч буй Бу Шо Лин хатагтай Бээжингийн бодлогыг тулган хүлээлгэхээр шуудрав

Өвөр Монголын Ар Хорчинд суугаа утга зохиолын нөхдөөс маань өнөө өглөө шинэ мэдээлэл ирлээ. Өчигдөр орой Өвөр Монголыг тэргүүлэгч, монгол гаралтай Бу Шо Лин (Бү Сяо Лин) хатагтай Бээжингийн шууд нислэгээр баахан цэрэг, цагдаагийн хамт Ар Хорчинд буужээ. Тэрбээр Ар Хорчин дахь гурав дөрвөн ч сургууль хичээл хаясан байхыг өөрийн биeэр олж мэдээд цэрэг, цагдаа нарыг дунд сургуулийн багш нарын гэр лүү гүйлгэжээ. Гэвч Ар Хорчины 200 гаруй багш нарын дийлэнх хэсэг нь өөр хошууд руу дүрвэж одсон байжээ. Тиймээс Бу Шо Лин дарга тэдгээр багш нарт хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Өвөр Монголыг 40 гаруй жил захирсан Улаанхүү даргын ач охин Бу Шо Лин хэмээх монгол гаралтай энэ хатагтайд өвөрлөгч нар уг нь эх хэлээ авч үлдэхийн тулд хятад дарга нарын өөдөөс шударга үг хэлнэ гэж ихээхэн найдлага тавьж байлаа. Тэгтэл ёстой чононд хонь хадгалуулахын үлгэр болж байх шиг.
Бу Шо Лин гэгч нь Бээжингийн засгийн газраас Өвөр Монголд үүсээд байгаа асуудлыг зохицуулах үүрэг авсан гэнэ. Тиймээс өнөөдрөөс эхлээд мань авгай хичээл сургууль хаяад байгаа Өвөр Монголын бусад хошуудаар ороод ороод явчих бололтой.

Б.Ойдов