Цэргийн тангараг болон цэргийн албаны хууль, дүрмүүдэд цэргийн алба хаагчийг дарга захирагч нартаа үг дуугүй захирагдах тухай заасан байдаг. Энэ нь захирагч даргын өгсөн үүрэг тушаалыг ямар нэгэн тайлбар тавилгүй шууд биелүүлэх утга санааг агуулсан. Харин захирагч дарга нь захирагдагчийгаа загнаж зэмлэх нэрээр бусдын өмнө тэдний нэр төр алдар хүндийг нь гутаан доромжлох нь байж боломгүй явдал. Хүний энэхэн хорвоод зүүсэн цолоороо өөр ч заяасан тэд  адилхан хүмүүс.Тэтгэвэрт гараад тэр дарга адилхан эгэл жирийн иргэн л болно.

Өнгөрсөн оны намар нэгэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019-2020 онуудад Өмнөд Суданд нас барсан энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэсэн  үндэслэлээр түүний дарга болох  цэргийн гурван  алба хаагчид хорих ял оноосон.

Хэргийг эргэн сануулахад  Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нар Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд оролцож байхдаа багийнхаа нэг энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт холбогдсон юм. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 800 хүнтэй энхийг сахиулах батальоны IX ээлжийн багийн захирагч, зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Штабын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б.Баттүвшин, тус багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбат, ротын сургагч ахлагч Б.Сэргэлэн нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.4-1-т заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх хэрэгт хамтран оролцсон хэрэгт тэднийг буруутгсан. Улмаар  Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял оноогоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсгийн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэм буруутайд тооцож, Б.Баттүвшинд гурав, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт хоёр жил зургаан сар хорих ял оноожээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Б.Баттүвшинг нэг жил, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг зургаан сар хорихоор болсон юм.

Шүүхийн гаргасан энэхүү шийдвэрт батлан хамгаалах салбарын зарим нэг алба хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмад дайчид ихээхэн эгдүүцэж зэвүүцэж байгаа нь нийгмийн сүлжээнд тэдний бичсэн “Цэргийн алба хатуужлын алба, энэ байтугай юм үздэг, юун нялцгай юм” гэх мэтээр цэргийн алба хаагчдын дунд гарч буй хүний эрхийн зөрчил гэмт хэргийг өөгшүүлсэн өнгө аястай сэтгэгдлүүдээс нь харагдаж байна.Тэд хорих ял авсан дээрх этгээдүүдийг бараг л хэлмэгдчихлээ ухааны юм ярьцгааж байна.

Дээхэн үед БХЯ-ны сайд агсан хурандаа генерал Ж.Лхагвасүрэнг нас барахад тухайн үед хөгшчүүл баатар болж амжсангүй өнгөрлөө дөө, хөөрхий гэж эмгэнэн гашуудаж байсан. Тэрээр цэрэг дайчидтайгаа албаны цагтаа дүрмийн дагуу дарга захирагчийн ёсоор, амины цагтаа эцэг ахын ёсоор харилцаж байсан тул тэдний хайр хүндэтгэлийг хүлээж ард олноо Залуу жанжин хэмээн алдаршсан юм.

Харин БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд агсан хурандаа генерал Б.Цогийг нас барахад сайнаар дурсах буурлууд гараагүй. Тэрээр цагтаа бусадтай их дээрэнгүй харьцдаг балмад нэгэн байсан аж.

Хуучин цагт буюу өмнөх нийгмийн үед тэд цэргээ зоддог дарга бол хамгийн сайн дарга, захирагдагсдаа жагсаалын өмнө загнаж, нэр төрийг нь гутааж элдвээр бүдүүлэг үг хэллэгээр хэлдэг дарга нараа ясны цэргийн дарга мэтээр үздэг байсан.

Архичин завхайгаараа зартай Б.Цог, ясан толгой хэмээх С.Баасанхүү, бусдыг бузараар дууддаг Шаки хэмээх Б.Шагдар, онгироо сагсуу А.Ганбат нарын генералууд, “ясны офицер” хэмээх тодотголтой Түмэнжаргал, япон хочтой Я.Санжаа, хэлдэг хараалын үгээрээ алдаршсан Улаан сухай Бүрэнбаяр мэтийн хурандаа нарыг дээр өгүүлсэн цэргийн тэтгэвэрт гарсан ахмадууд л Ясны цэргийн хамгийн сайн дарга хэмээн дурсан ярьцгаадаг.

Хуучин юм ул шинэ юм зул болсон өнөө үед ясны цэргийн дарга гэхээр балмад бүдүүлэг араншинтай хүнийг бус мэдлэг мэргэжлийн ур чадвартай, ёс суртахуунтай даргыг хэлдэг болсон.

Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө гутаан доромжилдог байсан ахмад үеийнхний зэрлэг бүдүүлэг балмад авир араншин нь өнөө хүртэл манай цэргийнхэнд, тэр дундаа батлан хамгаалах салбар түүний цөм болсон Зэвсэгт хүчинд амь бөхтэй оршсоор байгаа нь эхэнд өгүүлсэн цэргийн алба хаагчийг золгүй байдалд хүргэсэн.

Өнөө цагт удирдагч хүн тэр дундаа цэргийн удирдах дээд ахлах тушаалын захирагч дарга нар товч тодорхой цэгцтэй үнэн зөв ёсзүйтэй үгээрээ, биеэрээ үлгэрлэх ур чадвар үйлдлээрээ захирагдагсдыгаа манлайлж удирддаг цаг болсон. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг ардчилсан нийгэмд шилжээд бид удаж байна. Өнгөрсөн оны хавар болсон эмгэнэлт явдал буюу дунд тушаалын офицер цэргээ зодсон явдалд дээд ахлах дарга нарын түрэмгий бүдүүлэг дээрэнгүй авир араншин нөлөөлсөн байх.

Ер нь манай батлан хамгаалах салбарынхан гадаадад энхийг дэмжих ажиллагаанд явж байгаагаа ихэд дөвийлгөн биеэ тоож төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагад алба хаагчдыг үл тоож адилхан л амьдралаа дээшлүүлж, хэдэн цаас олох гэж гадаадад хамт энхийг сахиулсан тэдэнтэй зүй бусаар харилцаж  дээрэнгүй харьцаж байсан нь эцэстээ ийм үр дүд хүргэсэн гэхэд болно.

Бодит байдал дээр Зэвсэгт хүчнээс бусад цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хаагчдын өдөр тутмын гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа нь энгийн ард иргэдэд ил тод байдаг. Харин манай батлан хамгаалах салбарын маань өдөр тутам яг юу хийж бүтээдэг билээ?

Би л дарга гэсэн байдалтай бүхнийг шийдэгч ихэмсэг дээрэнгүй авир төрх нь, түүнийг нь хөөргөж цаасан малгай өмсгөдөг дээд дарга нарынх нь магтаал эцэст нь манай цэргийн залуу офицеруудыг ийм хүнд байдалд оруулж шоронгийн ялтан болгосон ажгуу.

Сониноос ял авахаа мэдсэн багийн захирагчийг дээд дарга нар нь дахин цэргийн албанд нь эргүүлэн авахын тулд өөрийнх нь хүсэлтээр тэтгэвэрт нь гаргасан гэсэн. Ялаа эдлээд дуусангуут нь буцааж цолыг нь сэргээж авах юм гэнэ. Багийн захирагчийнхаа хөлд чирэгдсэн хөөрхий муу дунд офицер, даргалах тушаалын ахлагч  хоёр л үрэгдэж авсан хорих ялаа тэнсэн болгон өөрчлүүлсэн нь сахилга хариуцлагаар халагдсан шалтгаанаар төрийн албанд эргэж орох эрхгүй болж байгаа юм.

Үг дуугүй захирагдах нь үг хэлээр доромжлогдохын нэр. Гадаадад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн захирагчийг гаргасан үйлдлийнх нь төлөө удирдлаганд нь байсан хоёр даргатай нь хамт шүүхээс хорих ял оноож шийтгэсэн нь өнөө үеийн манай цэргийн залуу дарга нарт маш том сургамж болсон. Хүний эрх, эрх чөлөө тэр дундаа захирагдагсдынхаа нэр төр, алдар хүндийг хүндэтгэж үүрэг тушаалыг цөөн үгээр хэлж үүрэг тавьдаг, түүн лүгээ өөрөө манлайлан харьцах цаг нь болсон.

Цагаа болохоор магтаад байдаг дарга нар нь, энгэр дээрх одон медаль нь ялаас мулталж чадаагүй нь харин ч гашуун үнэн.

А.Баярмаа