Манай Улсад 2016-2017 онуудад Олон улсын атомын энергийн агентлаг/ОУАЭА/-ийн техник хамтын ажиллагааны хүрээнд МОN6018 гурван хэмжээст дүрслэлд суурилсан дотуур туяа эмчилгээг нэвтрүүлэх “Монгол улсын дотуур туяа эмчилгээний чанарын баталгааг сайжруулах нь” төслийг

Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэн гурван хэмжээст физик төлөвлөлтийн системийг шинээр суурилуулсан. Цаашид дотуур туяа эмчилгээний чадамжийг дээшлүүлэх зорилгоор хяналтын шинэ зөөврийн C-Arm аппаратыг ашиглаж эхлэх аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хавдар судлалын төвд ашиглагдаж буй цацрагийн үүсгүүртэй аппарат төхөөрөмжүүдийн болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангуулан зөвлөмж зөвлөгөө хүргэн ажилладаг.

Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оны дөрөвдүгээр улирлаас Монгол Улсад анх удаа умайн хүзүүний хавдрын Компьютерт томографид суурилсан гурван хэмжээст дотуур туяа эмчилгээний шинэ технологийг, 2019 оны зургаадугаар сараас хавдрын туяа эмчилгээнд зайн шарлагын кобальт-60 үүсгүүрээс гадна анх удаа шугаман хурдасгуурт иж бүрэн системийг нэвтрүүлэн гурван хэмжээст конформал туяа эмчилгээг хийж эхлээд байна.

Умайн хүзүүний хорт хавдрыг туяа эмчилгээгээр үр дүнтэй эмчилдэг бөгөөд ОУАЭА-аас гишүүн орнуудад техник хамтын ажиллагааны хүрээнд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. ОУАЭА-ийн 64 дүгээр Ерөнхий бага хурлын үеэр Африкийн орнуудад туяа эмчилгээ болон цөмийн онош зүйн хүртээмжийг сайжруулах, умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах асуудлаар виртуал хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр “Хэдэн сая эмэгтэйчүүд энэ өвчнөөр нас барж байгаа нь маш том эмгэнэл бөгөөд ОУАЭА-аас энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэлээ.