Уучлаарай, энэ хятад ягаан сармисыг яаж ч чадахгүй байгаад

Галт тэрэгний төв буудлын хажууд байх ногооны худалдаачнаас асуулаа.

– Тан дээр энэ ягаан сармис кг нь хэдээр ирдэг юм бэ?


– Шуудай нь 500-600 мянга болдог шдээ. Нэг шуудайндаа 50 кг-тай байдаг. Энэ зуур эхнэр, нөхөр бололтой хоёр хүн “Сайхан том хумстай юм” гээд нэг кг-г нь 20,000 төгрөгөөр авч байх аж.

Тэгэхээр мань хүн кг нь 12,000 төгрөгөөр бодож аваад 20,000-р зарна. Жингийн хорогдлыг нь тооцоод үзвэл хөөрхий нэг кг-с үсрээд л 5000 төгрөгний ашиг олох аж. Харин урдаас ачуулж байгаа тээврийн зардал ороогүй үнэ нь кг тутамдаа нэлээд хямд болдог байх нь ээ гэж бодов.

Ер нь бол хэн ч юм бэ нэг хэсэг хүмүүс шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр, “Ягаан сармис хамгийн сайн” гээд цуурчихсанаас болоод нийтийн дунд үүссэн төөрөгдөл хятад сармисыг монголд ихээр зарагдах хөрс суурь болжээ. Гэтэл бидний олж авсан ойлголтоор “Сармис ямар өнгөтэй байх нь биш яаж ургуулсан байх нь л чухал” байдаг.

Бид Хурын шим-ийн олон нийттэй харилцах хуудсаар болон Монгол сармис тарих сургалтаар “Ягаан, цагаан сармис ялгаатай юу” гэдгийг олон удаа ярьж, бичсэн ч хүн болгонд хүргэж чадсангүй. Ялангуяа энэ ягаан сармисыг “Сайхан монгол сармис” гэж итгээд худалдаж авсан мянга мянган хүнд анхааруулж, хэлж чадсангүй. Уучлаарай, та бүхнийг монгол хүнийг дэмжиж байна гэж бодоод хятад хүнд мөнгөө өгөхөөс өөр сонголт гаргаж чадахгүй байгаад.

Яг үнэндээ бол монгол сармисыг тариаланчид зөвхөн тарих гэж 120-150 хоног зарцуулж, дараа нь түүнийгээ хатааж, хадгалах гэж бас олон хоног уйгагүй, чимхлүүр ажил хийдэг. Зүүнбүрэн, Шаамар, Мөрөн, Зүүнхараа, Даланзадгад, Улиастай, Чойбалсан, Буянтын олон түмэн бол жинхэнэ монгол сармис тариалалтаар шалгарсан хүмүүс шүү.

Энэ олон хоногт гарсан зардал, хадгалах явцад гардаг жингийн хорогдол нь сармисны өртгийг өндөр болгож байгаа. Харин яг энэ сул тал дээр нь хятадаас энэ ягаан сармисыг оруулж ирдэг 2-3 хан компани олон жил ашиг хийж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тогтоосон тайлан дээр нэр нь байж л байна. Гэлээ гээд бид ямар олон түмэнд зарлалтай биш.

Харин хятад бараа үнэтэй зарагдах боломж гаргахаас сэргийлж, намар эрт хангалттай их сармис ургуулж, худалдаанд гаргаж чадаагүйдээ л уучлал хүсье.

Хүмүүс том хумстай сармис авахыг хүсдэг нь эдгээр хятад сармис борлуулагчдад нэг гоё өгөөш болдог. Гэвч өвөлжих сармис л 8-12 ширхэг том хумстай байдаг. Харин зусах буюу монголд ихэвчлэн тарьдаг сармис байгалиасаа 22 хүртэлх олон хумстай байдаг юм.

Үүнийг бас хүмүүст ойлгуулж чадаагүй, “уулын мухрын жижигхэн тариалланч” байсаар байгаад уучлаарай. Ер нь бол жинхэнэ Улиастайн ягаан сармис маань жижигхэн олон хумстай зусах сармис байдаг л даа.

Мөн манай Хурын шим Улаанбаатарт буюу далайн түвшнээс 1300 метр өндөр, хангай газар байрладаг тул Сэлэнгэ, Хэнтий болоод Ховд, Өмнөговиос сүүлдэж ургацаа хураадаг. Эдгээр аймгууд маань ч хамгийн эртдэж 8 сарын 20-нд сармисаа хураадаг бөгөөд бүгд л хятадын өвөлжих сармиснаас хоцорч хэрэглэгчийн гар дээр хүрч байна. Нэгэнт манай орны хуурай, сэрүүн цаг агаар ингэж нөлөөлдөг. Тэгэхдээ бол ургамалдаа илүү сайн, ашигтай байдлаар нөлөөлдөг гэдгийг ямар ч агрономи хүн батлах болно шүү.

Бид энэ 7 хоногт “Урьдчилсан захиалга”-ын сармисаа түгээж дуусчихаад ирэх 7 хоногт шинэ ургацаар хийсэн Монгол сармистай зөгийн бал болон бусад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргана аа. Эцэст нь бас л ингэж удаан ажиллаж байгаадаа ямар нэг шалтаг зааж нуршилгүй, зүгээр л дахин уучлаарай гэж хэлье.

_____________________

Энэ мэдээллийн дагуу бидэн рүү маш олон хүн холбогдсон тул дараах нэмэлт мэдээллийг хүргэе. Баярлалаа та бүхэнд.

1. Монголд “Завханы ягаан хальст сармис” гэх сорт байдаг бөгөөд үүнийг бид ямар нэгэн байдлаар муу гэж огт хэлээгүй болно. Ягаан хальстай сармис, цагаан хальстай сармисан дээр хийгдсэн судалгаануудыг харахад тийм ч айхтар том зөрүү харагддаггүй. Мөн Завханы ягаан хальстай сармис бол зусах буюу олон жижиг хумстай байдаг.

2. Манай сармис 10 сарын 15-ны үеэр худалдаанд гарах ба Монгол 3-р сургуулийн баруун талд байрлах 17-р байранд бид нэрийн бараа худалдаалах цэг нээнэ. Яг одоогоор засвартай байгаа тул хараахан нээж амжаагүй байна.

3. Хэрэв та биднээс монгол сармис авах сонирхолтой байгаад яараагүй бол сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа үлдээгээрэй. Бид боломжоороо хүргэлт хийх ба тантай заавал эргэж холбогдох болно.

Баярлалаа.