Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог болдгийг өөрийн зөвлөгөөгөөрөө хүргэдэг үзмэрч засалч Л.Нямаа дараах зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр “Сүүлийн үед гэр бүлээрээ үр хүүхдээ дагуулан хөдөө орон нутгаар аялал хийж буй хүмүүс өөрсдөдөө, үр хүүхдэдээ хамгаалалт хийлгэж баймаар байна. Хамгаалалтыг өөрсдийн шүтэж дээдэлдэг шашны газар болох гандан, сүмээсээ авч болно. Мөн өөрсдийг нь дааж явдаг лам, бөө удган зайрангаас хамгаалалтын сахиусыг авч болно шүү. Хүүхдүүд нь шөнө унтаж чадахгүй уйлах, хий юм харах, лус савдгийн хорлол болох зэрэг юмны дайрлагад өртөх тохиолдлууд сүүлийн үед их гарах болжээ. Ихэвчлэн хүмүүс уул ус, гүйдлийн дайрлага дайруулах болсон. Үүнээс болж золгүй явдал тохиолдох, өвчин зовлон ээрэх, ажил үйлс бүтэлгүйтэх асуудлууд бий болсон. Тиймээс гэрээсээ хол явж буй бол харанхуй шөнөөр гарч орох шаардлагатай бол хамгаалалтын сахиусыг заавал хийлгээрэй, хүмүүсээ” гэжээ.

Мөн “Хэрвээ та шашин шүтлэггүй бол ядаж идээ ундааны дээж болон сүү өргөж байгаарай. Мөн архины сэржим өргөж аян зам аюулгүй дардан байхыг хүсэж, өөрийгөө болон гэр бүлээ уул ус, гүйдлийн дайрлагаас хамгаалаарай” гэдгийг хэлсэн юм.