Тамгаа булаацалдан шүүхдэлцэхдээ тулсан Ц.Туваан, С.Эрдэнийн талын АН-ын зарим дэд дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн нь хэрэгт шалгуулж байсан, шүүхээр гэм буруугаа дэнслүүлэх гэж буй хүмүүс байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Монгол Ардын Намын Бага хурлын XI хуралдаанаар /2021.06.26/ МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогдсон.  Гэтэл МАН-ын дэд даргаар бас л эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан хоёр ч хүнийг томилжээ.
Нэг нь татан буугдсан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Тулга. Тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт шалгуулж, 2011 оны арванхоёрдугаар сард УМБГ-ынхан цагдан хорьж ч байв.
Нөгөө нь МАН-ын Намын байгуулалтын газрын дарга асан Н.Энхбаатар. Тэрбээр МИАТ-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Энканто таун” хотхонд байр, “Тоёота Ланд круйзер-200” машин хэрхэн авснаа тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд байцаагдаж байсан нэгэн.