МУГЖ Н.Ариунболдын аав МУУГЗ Т.Намсрайжав таалал төгсжээ.

Түмэнгийн Намсрайжав нь 1939 онд Дорнот аймгийн Матад сумын Өлзийт хэмээх нутагт ард Түмэнгийн хоёрдугаар хүү болон төрж 1950-1960 онд Чойбалсан хотын 10 жилийн сургууль, 1965 онд ЗХУ-д соёл урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсч, Сүхбаатар, Дорнод аймгуудын хөгжимт драмын театрт болон Монгол кино студид найруулагчаар ажиллаж байжээ.

Энэ хугацаанд «Хил дээр» уран сайхны кинонд БНМАУ-ын баатар Гиваан, «Моторын дуу» киноны нэгдлийн дарга, «Тэнгэрийн муухай арилдаг» кинонд гараашийн диспетчерт, «Би чамд хайртай» кинонд хороон дарга, «Тэмцлийн оч» уран сайхны кинонд Даалуучин Дорж, «Сахиул уу сахиус уу» кинонд согтуу жолооч, «Ацаг шүдний зөрөө» кинонд банкны Балдан, «Хөх өвсний нуур хөлгүй» кинонд тогооч Тулга, «Тоншуул» кинонд тэмээчин Барамсайд гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүрүүдэд тоглож үзэгч олны хэзээний танил.

Тэрбээр Шинэ хотын гэрэл, Дэгдээхэй нас, Давааны цаана даваа, Тэнгэрийн муухай арилдаг, Бушхүүгийн үлгэр, Говийн зэрэглээ, Саруул талын ерөөл, Жаргал даахгүйн зовлон, Ацаг шүдний зөрөө, Намар нахиалсан мод, Тэмцлийн оч, Тань руу нүүж явна, Би чамд хайртай, Ховор хүмүүс, Хүний хүн, Эргүүлэг зэрэг 30 гаруй уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажиллаж байв.

Талийгаачийнхаа аав, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.