48-тай ээжээс үрдээ илгээв.

Бардам бай, хүү минь

Барын нүд мэт очтой яв

Бартаат замд зориг, сэтгэлээ нэгтгэ

Балга дарсны ард амлалт бүү өг

Баглаа цэцэг мэт хагдарч бас сур

Анд нөхөддөө андгай мэт шударга ханд


Амьдралын үнэн золиос шаарддагийг сана

Гэгээн яв, үр минь

Гэрэлт бамбар мэт шатаж бос

Гэмшил, ялалтын дунд цэх зогс

Гэсгээл, гомдол мэт үнэн орш

Алдаа, онооныхоо үнийг төлж урагшил

Айдас хэзээ ч хувцас болдоггүйг ойлго

Аглаг талын борог өвс мэт бөхийж бас үз

Амгалан бай, нархан минь

Ангирын дэгдээхий мэт гэнэн амьдар

Арслангийн зогдор мэт сэхүүн алх

Амрагийн харц мэт харанхуйгаас гэрэлт

Аргамагийн туурай мэт элэгдэхэд бас суралц

Анир гүмээс хөөрсөн шонхор гэдгээ сана

Асга хаднаас халтирах мөчид итгэлээ тэвэрч үлд

Үзэсгэлэнтэй бай, үр минь

Үнсэлт, үзэн ядалт хоёр сөөмхөн зайтайг бод

Үнэр, амт хоёроор харж болдгийг мэд

Үнэн, худал хоёрын дунд амь буйг ухаар

Үлдэх, явах хоёрын зайд чиний цаг гэдгийг тунхагла

Ашид мөнх гэж үгүй гэлээ ч үр минь

Асар тэнгэрийн дор ахин ирнэ гэдгээ мэдэр.

Аав ээжээсээ алсхан яв, хүү минь

Алдар нэр чөдөр чинь бүү болог

Намар шиг хагдраад дуусахын минь цагт

Намхан орчлонд номхорч бүү гунигла

Хэний үр гэдгээ санаж хүчийг хураа

Хээрийн салхи мэт толгод тулж өндий

Эгэл энэ орчлонг ээж нь чамд гэрээслэх үед

Энгэртээ тэврэх үрдээ ихэмсэг атгуулаарай.

2021.08.17.

Эмүжин