“Элдэв зургийн эзэд” нэрээрээ мөнхөрсөн Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү нарыг монголын ард түмэн андахгүй ээ. Хожмоо тэдний үр хүүхдүүд нь аавуудынхаа урлагийн замаар замнаж яваа.

Хошин урлагийн нэрт мастер Дашхүү агсаны хүү найруулагч Д.Галбаяр.

Тэрбээр өмнө нь “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч”, “Миний Нууц” зэрэг уран сайхны киноны найруулагчаар ажилласан.

Тэрээр аавынхааа тухай нэгэн хэвлэлд “Аав маань намайг л урлагийн хүн болно гэдэг байсан.Манайх таван хүүхэдтэй айл. Тэр дундаас аав маань “Өөрийн мэргэжлээ өвлөх хүүхэд хэн бэ” гэхээр дандаа намайг л гэж хэлдэг байсан. Тийм болохоор ч тэр үү аавын маань инээдмийн төрөлхийн мэдрэмж миний тархинд үлдсэн юм шиг байна лээ. Одоо би л аавынхаа мэргэжлийг залгамжлан, нэрийг нь өндөрт өргөхийг хичээж явна.

Би ч гэсэн өөрийн уран бүтээлийг үр хүүхдэдээ өвлүүлэхийг хүсдэг. Ер нь урлагийн хүн гэлтгүй спортын тамирчид ч залгамжлуулахыг хүсдэг шүү дээ” гэжээ.