СПЕЦНАЗ бол энэ дэлхийн хамгийн шилдэг десантын цэргүүд, тиймдээ ч тэд Никтокроме нас!  буюу Биднээс өөр хэн ч! гэсэн уриатай. Тэд бол хоолой хэрчих, хорлон сүйтгэх, олзлох, тэслэх дэлбэлэхдээ гаргуун, байлдааны цагт дайсны ар талд мянган км-ын гүнд ч харанхуй шөнө шүхрээр шидэгдэн төрөл бүрийн тусгай томилгоот үүрэг гүйцэтгэх чадвартай төр улсын урдаа барьдаг элит цэргүүд.

Миний бие аль ерээд онд ардын армийн спецназ ангид албаны даргаар ажиллаж байхад манай ангийн спецназууд Марз ууланд осолдсон онгоцны сүйрэл, метрийн цастай Баянхонгорын зуд зэрэгт дайчлагдан агаараас шүхрээр буун тайван цагт ч  тавигдсан үүргээ амжилттай хурдан шуурхай гүйцэтгэж байв. Тэд бол орос школтой армид гурваас доошгүй жил алба хаасан манай армийн анхны мэргэжлийн шилдэг цэргүүд улирсан ахлагч нар байсан. 

Орост олон жил олон улсын мандаттай тусгай үүрэг гүйцэтгэхэд оросын спецназ офицерууд бидний бие хамгаалагч дагалдагчаар голдуу ажилладаг. Нэг удаа Оросын Челябинск Курган мужаар удаан хугацаагаар томилолтоор явж байгаад дагалдан яваа хоёр спецназ маань амьд хонь авч алж шарж идэн \зураг дээр\  ядаргаагаа тайлах юм болоод надаар тарган туранхай, сайн муу хонь ялгаж таниулахаар намайг дагуулан машинтай явсаар ой хээрийн бүсэд нэгэн отор хонин дээр очлоо.  

Урт сүүлтэй нарийн ноост хонь ч мөн ууцан сүүлтэй казакын бор тарлан хонь ч холилдсон холимог суурь хониноос шилж шилж хамгийн өндөр бяруу шиг том биетэй ууцан сүүлтэй бүдүүн бор эр хонийг би бариад авлаа. Замд явахдаа дагалдан яваа хоёр оросоосоо хэн нь хонь нядлахыг асууж явтал Афган Чечень Балканд алалцаж байсан тухайгаа ам уралдан ярьж би би хоолойг нь хэрчинэ хэмээн  сайрхаж явсан өнөө хоёр орос маань яг хонио бариад бутны хажууд нядлах болоход чи чи хэрч би бүр аль эрт хөндийрч гэцгээн бие биен рүүгээ чихэж байснаа  намайг чадах уу гэхээр нь би дуугай л толгойгоо дохин хонио дээш тэнгэр харуулан нэгээр нь хониныхоо толгойг түшүүлэн нөгөөгөөр нь хойд хөлийг нь татуулан Монгол ёсоороо өрцийг нь цоолон гараа гэдэс руу лавхан шургуултал өнөө хоёр спецназ маань Ээ бүү үзэгд Бурхан минь гээд л бутны цаагуур бултаад зугтаагаад орчихлоо. 

Миний хувьд хөдөөний хүүхэд багаасаа тавдугаар ангиасаа л сум нэгдлийн бой буюу мал нядалгааны цэг дээр өдөрт арав, хорин хонь нядлаж аавын үгүйд атан тэмээг ч нугасалж сурсан болохоор юухэн байхав, дор нь голыг нь гогдоод арьсыг хуулаад нөгөө хоёроо дуудан яаж гэдэс гаргах янзлах мах эвдэх зэргийг газар дээр нь зааж өгөв. Хамгийн гол нь дусал ч цус гаргалгүй төхөөрсөнд тэд ихэд гайхаж цээжний хөндийгөөс цэрэг крушкаар аягалан гаргах гурав дөрвөн литр цусыг харснаа намайг амьдаар нь хонины зүрхийг суг татсан байх магадлалтай гэсэн дүгнэлт хийж. Бид өөрсдийгөө бүхнийг чаддаг хамгийн шилдэг спецназ спецназ гээд байсан чинь юу ч биш юм билээ. Харин Монгол хурандаа Эрик бол биднээс илүү аймаар хэрцгий /жестокий/ юм билээ хэмээн хамт олондоо үзсэн харснаа өгүүлсэн сурагтай.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ