Зохиолын дууны ертөнцөд өөрийн байр сууриа олсон дуучин бол Р.Дэлгэрмаа. Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн тэрээр айлын ганц охин ажээ.

Сумандаа 10 жилээ төгсөж, Хөгжим бүжгийн сургуульд элсэн орсон тэрээр багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан аж. Түүний аав сумынхаа сүүний заводод ажиллаж байгаад сүүлд сургуулийн няраваар олон жил ажиллаж байсан гэнээ.
Тэрээр “Миний аав хачин гоё дуулдаг байсан. Тэр үед дуулсан дууг нь хальсан дээр буулгаж авч чадаагүй л дээ. Кассетэн дээр аав дуулаад бичүүлчихсэн байсан. Гэхдээ хадгалж үлдээж чадаагүй. Манай ээж ч мөн адил гоё дуулна. Хоёр талдаа л урлагийн хүмүүс байсан. Аавын маань төрсөн дүү дуу хөгжмийн багшаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Харин ээжийн минь төрсөн дүү драмын театрын захирал Цэрэнсамбуу гэж хүн бий. Удамд маань урлагийн хүмүүс олон бий” хэмээн аав, ээжийнхээ талаар нэгэн хэвлэлд дурсан ярьжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Би айлын ганц охин. Ээж маань намайг бага байхад хүнтэй суухаар өгнө гээд дээр үеийн Оросын хоёр хоолны сав хадгалдаг байсан. Намайг хүнтэй суухад өгч, одоо ч би хэрэглэдэг. Бага байхдаа ээжтэйгээ юм их оёдог байсан. Тэр үед хэрэглэж байсан оёдлын машин манайд байдаг байлаа. Сүүлд ээж шинэ оёдлын машин надад авч өгсөн” хэмээжээ.