Цар тахал тив дэлхийг нөмрөөгүй цаг буюу одоогоос хоёр жилийн өмнө 2019 онд МУАЖ Уртын дууч Ш.Чимэдцэеэ, МУАЖ дуучин А.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, МУГЖ дуучин Ц.Түвшинтөгс нар хамтарч монголчууд бидний сэтгэл зүрхэнд хоногшсон ая дуугаараа уран бүтээлийн цэнгүүн хийж байлаа.
Өөр өөрийн гэсэн онцлоготой, энэ цаг үеийн “алтан үе” болсон тэд дахин энэхүү алдарт цэнгүүнээ хийхээр төлөвлөжээ.
МУАЖ Уртын дууч Ш.Чимэдцэеэгийн “Тэнгэр ээж минь өршөө”, МУАЖ дуучин А.Долгорын “Аргалд явсан ижий”, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын “Дорнын цагаан сар”, МУГЖ дуучин Г.Эрдэнэбатын “Тэмээн сүргийн говь” , МУГЖ дуучин Ц.Түвшинтөгсийн “Бурхан бумбын орон” тэргүүтэй урлагийн охь манлай болсон бүтээлүүдийг хамтаар нь нэгэн үдэш сонсоно гэдэг буяны авшиг хүртэхтэй агаар нэгэн биз ээ.


Таван өнгө, таван эгшиг, таван мэдрэхүй, таван өөр араншинг нэгэн дор цогцлоосон “Тавуулаа” уран бүтээлийн цэнгүүнд нь амжилт ерөөе.