ТОГТОН СОЁРХОХЫГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЬЕ?

Монгол Улсад нийт 91,685 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд бүгд зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа бөгөөд Ковидын үед бүгдийнх нь орлого тасалдаж, хүнд байдалд байхад 14-хөн компанид ТӨР АЛБАН ЖУРМААР, АЛБАДЛАГЫН АРГААР нийт жолооч иргэдээс мөнгө хурааж, халаасанд нь ашиг орлого болгон өгсөөр 10 жил боллоо.

Даатгалын эдгээр 14 компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас жилдээ нийт 30 гаруй тэрбум төгрөгийн орлогыг ТӨРИЙН ОРОЛЦООТОЙГООР ТАТВАРТАЙ АДИЛ АЛБАДЛАГЫН АРГААР төвлөрүүлдэг бол үүний 50 орчим хувийг жолооч нарт нөхөн төлбөрт олгодог байна /2021 онд нөхөн төлбөрт 38,2-хон хувийг олгоод байгаа/. Мэдээж даатгалын компаниуд ЖХД-тай холбоотой тодорхой хэмжээний зардал гарах ч СЗХ-оос өгсөн мэдээллээс харахад энэхүү албан журмын даатгалаас төрийн оролцоотойгоор ихээхэн хэмжээний ашиг олж байна.

Хувийн хэвшлийг төр дэмжих ёстой боловч энэхүү дэмжлэг нь дээрх байдлаар хэн нэг компанийг зүй бусаар дэмжихийг хэлэхгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан.
Төр нь хувийн хэвшлийг НИЙТЛЭГ байдлаар, бүх аж ахуй эрхлэгчдэд ХҮРТЭЭМЖТЭЙ, ТЭГШ дэмжих ёстой юм. Тухайлбал, аж ахуй эрхлэгчдийг татварын бодлогоор, төсвийн бодлогоор, хөрөнгө оруулалтыг дэмжих, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, аливаа саад тотгорыг багасгаж, таатай орчин бүрдүүлэх, улс орон, хүн амын эрх ашгийн төлөө зарим салбарыг татаасаар дэмждэг юм. Одоогийн ЖХД дахь Төрийн зохицуулалтыг төрийн дэмжлэг биш, үүнийг улс төр-бизнесийн ХУЙВАЛДААН гэвэл зохилтой.

Гэтэл энэ их орлогыг төвлөрүүлдэг ихэнх даатгалын компаниуд жолооч нарын хохирлыг барагдуулахад туйлын хойрго бөгөөд хохирлыг бүрэн гүйцэд үнэлүүлж, барагдуулдаггүйгээс гадна олсон ашгаасаа зам тээврийн ослыг бууруулах үйл ажиллагаанд огт мөнгө зарцуулдаггүй юм.
ЖХД нь нийт жолооч нарын хуримтлуулсан дундын сан бөгөөд цөөнх хэсэг нь уг сангаас хохирлоо барагдуулдаг бол олонх хэсэг нь дундын сангаасаа ямар ч хүртээлгүй байна. Учир нь энэхүү даатгалыг ашгийн төлөөх компаниуд гүйцэтгэдэг учраас тэд ашгаа зөвхөн өөрсдөө хүртдэг юм.

Монгол Улсад даатгалын компаниуд АРИЛЖААНЫ НИЙТ 16 төрлийн 68 бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгааг хууль санаачлагч гишүүд ОГТ ХӨНДӨӨГҮЙ бөгөөд даатгалын компаниуд зах зээлийн зарчимд нийцсэн эдгээр үйлчилгээгээ ҮЗҮҮЛСЭЭР БАЙХ болно. Эдгээрээс ГАНЦХАН төрлийн үйлчилгээ буюу Жолоочийн хариуцлагын даатгалын орлогыг нь Төрийн оролцоотойгоор албан журмаар буюу албадлагын аргаар иргэдээс хураадаг учраас АШГИЙН БУС хуулийн этгээд /энэ нь төр байх албагүй/ гүйцэтгэдэг болох юм бол осолд өртсөн цөөнх жолооч нарын хохирлыг бодитоор БҮРЭН, шуурхай барагдуулахаас гадна дундын сангийн АШГИЙГ осол гаргаагүй олонх, улмаар нийт жолооч нарын эрх ашгийн төлөө зарцуулдаг болох юм. Тухайлбал, осол гаргаагүй жолооч нарын хураамжийг бууруулахаас гадна ослыг бууруулах /жолооч нарыг соён гэгээрүүлэх, осол ихээр гардаг хар цэгүүдийн замыг өргөтгөх, засах, гүүрэн болон нүхэн гарц байгуулах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, авто зогсоол барих г.м./-д зарцуулах боломжтой болох юм. /Ингэвэл 20-25 хувь нь авто ослоос улбаалсан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад бодитой дэмжлэг ч болох юм./ ЖХД-ын гол үзэл санаа буюу зорилго, зарчим нь ийм бөгөөд Дэлхийн олон улс оронд ийм практик хэрэгжиж байна.

Яг ийм зохицуулалтыг хийхийг зорьсон нэр бүхий УИХ-ын гишүүд ЖХД-ын хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан бөгөөд үүний цаана 1 сая жолооч нарын эрх ашгийг хангахыг зорьсон болохоос, өөр хувийн ЯМАР Ч эрх ашиг байх ямар ч үндэслэлгүй юм.

Гэтэл үүний эсрэг Даатгалын зарим компани /бүгд биш/ 10 жил төрийн нэрээр зүй бусаар олж байгаа асар их ашгаа алдахгүйн тулд их хэмжээний мөнгийг хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүдийг лоббидоход зориулж зарцуулж байна. Мөн тэд хуулийн өөрчлөлтийн мөн чанарыг гуйвуулахын тулд дараах худал мэдээллийг өөрсдөө, гэрээ хийсэн сэтгүүлчдээр болон лоббидсон УИХ-ын ЗАРИМ ГИШҮҮДЭЭР идэвхтэй тарааж байна:
-Хувийн хэвшлийг төр булааж байна;
-Даатгалын салбарыг төр бүтнээр нь авах гэж байна;
/гэтэл нийт 16 төрлийн 68 арилжааны даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ЗӨВХӨН ГАНЦЫГ нь буюу төрийн нэрээр, албадлагын аргаар авдаг ЖХД-ын үйлчилгээг л АШГИЙН БУС нийтийн оролцоотой хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх асуудлыг хөндсөн/

-НД, ЭМД шиг дампууруулах гэж байна;
/гэтэл хэрвээ эдгээр даатгалыг ашгийн төлөө компани хийсэн бол тэтгэвэр тэтгэмж нэмэх нь бүү хэл, огт авч чадахгүй байдалд хүрэх байсан/

-ЖХД-ыг банканд хийж дампууруулна;
/гэтэл одоогийн даатгалын компаниуд ч гэсэн жолооч нараас хураасан орлогоо банканд хадгалдаг/

-Төр данхайх гэж байна;

/гэтэл ЖХД-ын нийтийн оролцоотой, ашгийн бус байгууллага нь төрийн ЯМАР Ч оролцоогүй, үйл ажиллагаанд нь улсын төсвөөс НЭГ ч төгрөг зарцуулахгүй/

-Социализм, коммунизм байгуулах гэж байна;

/гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т: “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан бөгөөд АЛБАН ТАТВАР хураадагтай яг адил АЛБАН ЖУРМААР хураадаг зөвхөн ЖХД-ыг ТӨРИЙН ОРОЛЦООГҮЙ, АШГИЙН БУС, НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зорилгыг тавьсан/

Жолоочийн хариуцлагын даатгал АЛБАН ЖУРМЫН байх ёстой. Учир нь осол гарвал буруутай этгээд хохирлыг барагдуулах мөнгөгүй бол бусдын эрх ашиг хохирох эрсдэлээс сэргийлж байгаа юм.

Гагцхүү Монгол Улсад албан татвартай адил АЛБАН ЖУРМААР, АЛБАДЛАГЫН АРГААР хураадаг бүх даатгалыг АШГИЙН БУС ХУУЛИЙН ЭТГЭЭД гүйцэтгэдэг бол ЗӨВХӨН Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг АШГИЙН ТӨЛӨӨХ компаниуд гүйцэтгээд 10 жил болсон УГ ДААТГАЛЫН үйлчилгээ Үндсэн зорилгоосоо ИХЭЭХЭН гажуудсан юм.

УЛС ТӨР-БИЗНЕСИЙН ЭНЭХҮҮ ЗАВХРАЛЫГ ЗАСАХ ЁСТОЙ ЮУ???

Д-р Төмөрбаатарын АЮУРСАЙХАН
2021.11.06