“Сарны нулимс” “Мама Миа” “Зөрлөг” зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин бол Т.Хулан. “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай ханилаад хэдэн жилийг ардаа орхисон тэрээр шинэ оны босгон дээр УДЭТ-таа эргэн ирсэн.
Хоёрхон хоногийн өмнө жүжигчин бүсгүйн нөхөр найруулагч Д.Галбаяр өөрийн цахим хуудаснаа эхнэрээ хоёрдахь удаагаа ковид туссаныг зарлан, ЭЕРЭГ гарсан тестийг жирэмсний тесттэй андуурсан тухайгаа бичсэн байв.

Тэрбээр “Хөвсгөлд явж байгаад эхнэрээс тестийн хоёр зураастай зураг ирэхээр нь шоконд орлоо. Зурагны доор -Өө балай юмаа гэсэн байна. -Балай ч юу байхав дээ баяр хүргэе! Хайраа! гэлээ. Эхнэр ойлгоогүй бололтой. -Юу яриад байгаан бэ? Юун баяр хүргэх Аа нээрээ тийм шдээ.Дөнгөж сая театртаа орчихоод байхад бие давхар болчихож болохгүй шдээ. -Аан тэгээд гаргахгүй байя гэж үү хайраа? -Мангартаад байгаачээ! Энэ чинь ковидын тест гэээшшшш Ёоо хэсэг хугацаанд ямар том царцваа…” хэмээсэн.


Харин өнөөдөр ковид туссан гэх эхнэр нь УДЭТ-ийн хамт олонтойгоо амралтад амарч яваа ажээ.

Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуульд бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаахтай холбоотой зүйл заалтууд байдаг.

• 15.6 дугаар зүйлд “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг.

• 19.6 дугаар зүйлд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Гэвч уг хууль дүрэм, журам цаасан дээрх бичиг л болон хоцорч буй бололтой.
Ямартаа ч, “Хөөрхөн” тодотголтой Т.Хулан жүжигчиндээ эрүүл энхийг ерөөе. Өөрийнхөө зугаа цэнгэлээс илүү бусдын эрүүл мэнд, амь насыг давхар бодолцож байгаарай.