“Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан, Монгол орныг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичин, “Монгол драй милк” компанидаа Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан.

Ингэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяртай хамтарч, чанаргүй, шаардлага хангахгүй үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьсан хэмээн буруутган шалгаад нэлээд удаж буй билээ. Улмаар өнгөрсөн сарын 23-нд “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” хэмээн дүгнэж нэг сар цагдан хорьсон.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкнаас зээл авахдаа барьцаанд тавьсан гэх “Алтай групп” ХХК-ийн хамаарал бүхий нүүрсний уурхайд очиж нэгжлэг хийсэн байна. Санхүүгийн бичиг баримт, олборлож буй ашигт малтмал зэргийг нь хууль сахиулах байгууллагаас хураан авсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг уурхайн тусгай зөвшөөрлийг нь Х.Бат-Эрдэнийн найз, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үед нь олгосон гэх мэдээлэл бий. Юутай ч Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгасаар буй аж.