Орос сургууль хэмээн нэрлэж заншсан Эрдэнэт үйлдвэрийн харьяа ерөнхий боловсролын 19-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон тус сургуулийн удирдлага, багш хамт олон, эцэг эхчүүд, сурагчид оролцож, “Эрдмийн баяр”-аа эхлүүлэв. Эрдмийн баярт тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтаас танилцуулж, олон улс, улс аймгийн хэмжээнд сурлага, урлаг спортоор тэргүүлсэн сурагчид, “Большая перемена” уралдааны ялагч хүүхдүүдийн парад жагсаал боллоо. Мөн төгсөх ангийн сурагчид нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан дүү нартаа бэлэг гардуулж, сайн сурч хөгжихийг хүсэн ерөөсөн юм. Авьяаслаг хүүхдүүдийн дуу хуур, мөнгөн хонхны эхний жингэнээнтэй хоршиж, шинэ хичээлийн жил, шинэ зорилго тэмүүлэл хамт ирснийг тодотгож байв.

Ерөнхий боловсролын 19-р сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд нийт 700 гаруй сурагч хичээллэнэ. Нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт 100 гаруй хүүхэд шинээр элсэн суралцаж байна. “Өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулийг 29 сурагч төгссөнөөс 8 нь алтан медальтай төгсөж, бүх төгсөгчид маань ОХУ-ын тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцахаар болсонд бид их баяртай байгаа. Энэ жилээс  ОХУ-ын Санктпетрбург, Москва зэрэг томоохон хотоос 9 багш шинээр ирж, багшилж байгаа нь манай сургалтын үйл ажиллагаанд илүү ахиц дэвшил, хүртээмж авч ирнэ гэж найдаж байна. Нийт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч хүүхдүүддээ шинэ хичээлийн жилийн мэнд хүргэж,  сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэж 19-р сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна хэлсэн юм.

Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэсээ нийгмийн хариуцлагын жишиг болж ирсэн. Тус үйлдвэрийн харьяа Орос сургууль 1974 онд баригдсан анхны бүтээн байгуулалт, байгууламжуудын нэг. Өнөөдрийг хүртэл хүүхэд залуучуудын боловсролд анхаарал тавьж, уурхайчдын гэр бүл үр хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх бодлого зорилт үргэлжилж байна. Монгол улсын боловсролын тухай тулгуур бичиг баримт, Засгийн газар болон орон нутгийн бодлого шийдвэр, Эрдэнэт үйлдвэрийн зорилт, зорилго, нөгөө талаас ОХУ-ын боловсролын тогтолцоог өөрийн онцлогт нийцүүлэн ажиллахыг зорьж байгаа гэдгийг нээлтийн үйл ажиллагааны үеэр тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат тэмдэглэв. Түүнчлэн энэ хичээлийн жилээс Орос сургуулийн сурагчид Монголын түүх, хэл бичгийн хичээлийг нэмэлтээр үзэж, төгсөхдөө ОХУ-ын боловсролын  сертификат болон Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээг давхар гардаж авах зэрэг хэд хэдэн шинэлэг, онцлог зүйлтэй хичээлийн жил эхэлж байгааг онцолсон. Цаашид Эрдэнэт үйлдвэр харьяа  боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж,  шинэ цэцэрлэг, сургууль барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөснийг мөн дурьдлаа.