2022 он Баяжуулах үйлдвэрийн хувьд түүхэн өргөтгөл, бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил эрчтэй өрнөсөн, ачаалалтай жил болж байна. Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх хоёр том төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийн кабелиудыг үе шаттай солих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Одоо Бутлан тээвэрлэх хэсгийн өндөр хүчдэлийн хөдөлгүүр бүхий конвейруудын кабель утсыг солих ажил ид үргэлжилж байна. 1978 онд үйлдвэр анх ашиглалтад ороход тавьсан, ОХУ-д үйлдвэрлэсэн, тосон тусгаарлагчтай кабелиуд нь хатаж, гэмтэн буудах үзэгдэл сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Иймээс 40 жилийн чанарын баталгаатай, орчин үеийн кабель утсаар солих ажил үе шаттай үргэлжилж байна. Мөн дэд станцуудын хаалгыг өөрчилж, битүүмжлэлийг сайжруулж байна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн цахилгааны аюулгүй байдал сайжирч, тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.